?LIVE: Х.Бат-Ялалт: Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх цаг болсон
Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийг огцрохыг шаардаж шаардлага хүргүүлэх тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийв.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:
-Манай “Иргэдийн шударга шүүх” ТББ-д 14 мянган гомдол баримт байгаа. Шүүх засаглалын хямрал дээд цэгтээ хүрлээ. Ерөнхий сайд, ШЕЗ нь хэвлэлээр хэрэлддэг боллоо. Ийм байж болохгүй. Монголын бүх шүүгч, прокурорыг солих цаг нь болчихсон. Ерөнхий сайд шүүгч эзэндээ үйлчилж байна гээд хэлээд явж байна. Иймд бид энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдмээр байна. Ялзарсан хуулийн байгууллагатай боллоо. Мөнгөнд үйлчилдэг болчихсон. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас шударга шүүхтэй болох ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.
Нэгдүгээрт, шүүгч хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Мөн Монгол улсын иргэд бид шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх засаглал ялзарч улс төр, бизнесийн бүлэглэлд үйлчлэх явдал хавтгайрсан. Сүүлийн үед ерөнхий сайд, хууль зүйн сайд болон шүүхээс хийж буй мэдэгдлүүд нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн, Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илчилсэн маш тодорхой баримт гэж ойлгож байна.
Бид шүүх засаглалын алдаа завхралыг сүүлийн 20-иод жил засахыг шаардаж тэмцсэн. Энэ удаад Улсын дээд шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, хариуцлага хүлээхийг шаардаж байна.
Хоёрдугаарт, шүүх засаглалын шинэчлэлийг нэн даруй эхлүүлж прокурор, мөрдөх алба, өмгөөлөл, шүүн таслах ажиллагаануудыг хараа хяналттай, хуульд захирагддаг тогтолцоонд шилжүүлэх шинэчлэлийг санаачлан хэрэгжүүлэхийг УИХ, ЗГ-аас шаардаж байна.
Гуравдугаарт, улс төрийн намуудын удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг зохион байгуулж Ард нийтийн санал асуулга зохион байгуулах замаар тухайн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.