- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Монголын хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хороололд амьдардаг дийлэнх айл өрх нүхэн жорлон ашигладаг. Үүнээс гадна дөрвөн улирлын туршид гэр хорооллын иргэд өтгөн, шингэн, хоолны үлдэгдэл холилдсон угаадас, элдэв янзын хог хаягдлаа нийтийн эзэмшлийн гудамж, талбай, үерийн далан тэр бүү хэл гол руу асгадаг нь нууц биш. Тэр дундаа өвлийн цагт асгасан угаадас нь хөлдөж, түүн дээрээ халтирахгүйн тулд нэмж үнс асгадаг байсан үе саяхан. Үүнийг дагаад хөрс, ус, орчны эрүүл ахуй гээд олон сэдэв хөндөгддөг нь энгийн нэгэн амьдрал мэт болчихлоо. Хэдхэн жилийн өмнөөс л бохир соруулах үйлчилгээг хувь хүмүүс болон ААН-үүд эхлүүлж өмнөх аймшигт дүр зураглал бүдгэрээд байсан.
Гэтэл тав хоногийн өмнөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны орчимд бохироо асгадаг цэгийн ойролцоо 30-40 машин засмал замын нэгдүгээр эгнээг эзэгнэн шөнөжин оочирлон хонож байгаа үзэгдэл нийгмийн сүлжээнд тархаж олон нийтийн хөндөх сэдвийн нэг болоод буй.
Учир юу вэ гэхээр нийслэлд өмнө нь бохироо асгадаг зургаан цэг байсан боловч гурвыг нь иргэдийн гомдлын дагуу сүүлийн гурван жилийн хугацаанд хаасан. Гэтэл үлдсэн гурван цэгийг ийн тодорхойгүй хугацаанд хаагдсанаар олон хүмүүс хохирч хаана хандахаа мэдэхгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд тухайн байршилд амьдарч буй иргэд болон жолооч нарын нөхцөл байдлыг сурвалжлан хүргэхээр Сонгинохайрхан дүүргийн 6-р хороог зорилоо.
16.00 цаг
Зорьсон газар ойртох тусам өмхий, эвгүй үнэр машинд үнэртэх нь тэр. Дотроо нээрээ л “Улаанбаатарын үнэр нь сэрээд эхэлчхэж дээ” гэж бодов. Биднийг очиход 20 гаруй машин ар араасаа эгнэн зогсож байна. Тэнд байгаа цэг рүү нэг ч машин бохироо асгахгүй зүгээр л зогсож байгаа харагдана. Бас ихэнх нь машины жолооч байхгүй байв. Байгаа хэдтэй нь ярилцахаар машиныхаа гадна зогсож буй гурван жолооч руу очлоо. Тэд "ашгүй нэг хэвлэл ирлээ. Биднийг хэн ч тоохгүй таван хоног эндээ өнжлөө. Юу ч шийдэгдсэнгүй. Ихэнх жолооч нар маань хотын төв рүү орж холбогдох удирдлагуудтай уулзахаар явсан" гэж байлаа.
-Бохирын цэг шалтгаангүй хаагдсан өдрөөс л жолооч бид эндээ хонож байна. Одоо үнэхээр тэсэхгүй нь-
Жолоочдын төлөөлөл Г.Чинбат: Энэ сарын 19-ний өдөр манай энэ хувиараа жижиг дунд бизнес эрхэлж бохир ус тээвэрлэдэг жолооч нарт ус суваг дээр харилцдаг дугаараас мессеж ирсэн байгаа юм. Тэр мессеж дээр “СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 26-р цэг буюу ус сувгийн бохир ус буулгах цооног тодорхойгүй хугацаагаар хаана” гэсэн байсан. Тэгээд бид мэдээлэл авсны маргаашаас яагаад хаагдаж байгаа эсэхийг лавлаж асуусан боловч ус суваг, нийслэл, дүүргээс тодорхой мэдээлэл өгч чадахгүй, ямар асуудалтай байгааг хэлэхгүй байгаа нь асуудал боллоо гэдгийг мэдсэн.
Бид яах эсэхээ мэдэхгүй тухайн цэг дээрээ очоод байж байтал ус сувгаас хүмүүс ирчихсэн ус буулгах цооногийг хүрээлсэн байдаг кантенаран байгууламжийг ачиж явах гээд байж байсан. Юу болсныг тэр ажилчдаас асуухад, “Энэ цэгийг хаа гэсэн даалгавар өгсөн. Тийм болохоор энэ цэгийг хаахаар ирчихсэн байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Юу нь ч тодорхойгүй байсан болохоор бид тэндээ энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хонож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл шүү дээ. Удаа дараа дүүрэгтээ хандсан боловч тэд “Нийслэлээс хаа гэсэн шийдвэр ирсэн учраас энэ цэгийг хааж байна” гэдэг мэдээллийг аман байдлаар ахин дахин өгөөд л байсан. Ингээд ус суваг руу хандаад эхлэхэд тэд “Нийслэлээс хаа гэсэн. Иймд нийслэлийн удирдлагуудад ханд” гээд бие бие рүүгээ чихсэн хандлага гаргаад байгаад байна. Бидний зүгээс “Заа ойлголоо. Бид энэ асуудлыг хамтдаа шийдье. Хамт засъя” гээд хандахад хэсэг хугацааны дараа ус сувгаас “Иргэдийн гомдлын дагуу хааж байгаа юм” гээд тайлбараа өөрчлөөд байгаад л бухимдаад байна.
Өмнө нь нийслэлд 7 цэг байсан. Гэтэл иймэрхүү байдал, шалтаг шалтгаанаас болоод Улаанбаатар хотын хэмжээнд 3 цэг л үлдээд байна. Угтаа бол дүүрэг болгонд нэг цэг нээгээд өгчих юм бол иргэдийн гомдол, жолоочдын оочир, ачаалал зэрэг асуудал маш хурдан шийдэгдээд ирнэ. Гэсэн хэдий ч улам энэ цэгийг багасгаад байгаа учир шалтгааныг гайхаад барахгүй байна. Цэг багасах тусам оочирлох нь ихсэж, ачаалал ихэсмээр юм.
Яг энэ цэг дээр үйлчилгээ явуулдаг 60 гаруй машин бий. Эдгээр машинууд Улаанбаатар хотын хойд бүс болох инжиенерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын бохир усыг соруулан тээвэрлээд ус сувгаас зааж өгсөн цэгт очиж асган амьдралаа залгуулдаг хүмүүс. Энэ цэг дээр Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эх, Сэлх, Бэлх, Зүүн салаа, Баруун салаа, Зурагт орчмын бүхий л инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрх, ААН-ийн бохирыг цутгадаг байна.
-Бохирын цэг хаагдсанаас бол айлуудын жорлон хальж, халуун усны газрууд нь хаалгаа бариад эхэлсэн-
Жолооч Д.Энхболд: Толгойтын 20-р хороонд 35 дугаар худаг гэж байсан юм. Тэрийгээ хаагаад ганцхан СХД-ийн худаг ажиллаж байгаа. Энэ дүүрэг маань хүн амын нягтаршил их болохоор маш их ачаалалтай байдаг. Энэ дүүрэгт ажилладаг байсан худгийг тодорхойгүй хугацаагаар хаагдсанаас болж тус цэгт бохироо асгадаг байсан 40-50 машин яг тэр цэг дээрээ гацаад 5 дах өдрөө өнжиж байна.
Ус сувгийн удирдах газраас бидэнд хэлэхдээ нисэхийн морингийн давааны тэнд байдаг цэг рүү очиж бохироо хий гэж хэлсэн. Ингээд бид тус цэг рүү яваад очиход хоёр машин л бохироо асгаад халиад дүүрчхэж байгаа юм. Энэ байдлаас болж ААН-үүд болон айлуудын жорлон бүгд дүүрээд хальчихсан. Халуун усны газрууд нь хаалгаа бариад иргэддээ үйлчилж чадахгүй тав гаруй хонож байна.
Ийнхүү бид жолооч нартай ярилцаад зогсож байх хооронд тус хорооны оршин суугч болтой "Энэ үнэр чинь бараг манай энэ хавийн оршин суугч шиг л хамт байдаг болсон. Бид ч яах вэ. Хүүхдүүд л хааяа дотор нь эвгүйрхээд бөөлжөөд байгаа" гээд ашгүй минь гэсэн байдлаар дуржигнуулж гарлаа. Би ч "Хүүе ах аа байж байгаарай. Та тэгвэл бидэнд байгаа нөхцөл байдлаа хэлж өгөөд яваач" гээд бидний яриа эхлэв...
-Шинэ байгууламж баригдаж дуусаад үнэр арай бага эсвэл байхгүй болоосой гэж найдахаас өөр хийж чадах зүйл байхгүй байна-
Иргэн С.Батсайхан “Үнэр бол манай энэ хавийн нэг оршин суугч шиг л хамт байдаг болсон. Төр засгаас энэ асуудлыг шийдвэрлэж, иргэдийн эрх ашгийг хангах нь хаягдчихсан. Насаараа энд амьдарсан олон хүмүүс байна. Тэд бол нүүх санаа байвч боломж нь ховор. Мөн энэ асуудлыг шийдвэрлэгдэхийг хүлээж суух биш иргэд үзэл бодлоо илэрхийлж, шийдвэрлүүлэх тал дээр оролцох нь чухал. Одоо байгаа үнэр маргааш огт байгаагүй юм шиг алга болно гэж байхгүй болохоор дахиад хэдэн жил өмхий үнэртсээр л байна байх. Шинэ байгууламж баригдаж дуусаад арай бага эсвэл байхгүй болоосой гэж найдахаас өөр хийж чадах зүйл алга даа. Нөгөө талаараа энэ цэг дээр маш олон айл өрхийн бохирыг асгадаг болохоор иргэн хүний хувьд олон үг хэлж чаддаггүй. Адилхан л хүмүүс шүү дээ. Манайх ч гэсэн бохироо соруулдаг айл. Ингэхээр чинь яаж эсэргүүцээд байж чадах билээ. Сүүлийн 4-5 хоног ялангуяа өмхий үнэр өмнөхөөсөө илүү үнэртэж таагүй нөхцөл байдалтай л байна. Дээрээс нь бохир зөөж байгаа машинууд нэг эгнээг тэр чигт нь эзэлчихсэн гэж байхаар энэ хавьд түгжрэл үүснэ, өмхий үнэртэнэ гээд асуудал их байна аа. Энэ хэдэн жолооч асуудлаа хурдан шийдээсэй. Дээд албан тушаалтнууд үүнийг нэг анхаараад хараасай л гэж хүсэх байна"
Иргэн Х.Ирээдүй: Би одоо 17 настай. Намайг жаахан байхаас л манайх энд байсан. Хотын төв рүү ороод, буцаад гэртээ ирэхээр үнэр нь аймаар байгаа нь илт мэдэгддэг. Эндээс нэг их холдохгүй байвал өмхий үнэртээ дасаад, бараг үнэртэхгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Зун найзуудтайгаа гадаа тоглохоор жаахан хэцүү. Айлуудын жорлон, тэгээд энэ өмхий үнэр муухай л байдаг. Яг хаанаас ийм үнэр гараад байдгийг би мэдэхгүй юм. Гэхдээ байхгүй болчихвол гоё байна.
Угтаа дээрх асуудалд УСУГ-аас бохир ус сорох автомашины жолооч нараас тодорхой хэмжээний мөнгө авч зөвшөөрөл өгдөг. Иймд жолооч нарын хамгийн түрүүнд хандах хүмүүс бол УСУГ-ынхан байх нь зүйтэй. Гэтэл тухайн газрын ажилчид болон холбогдох албан тушаалтнууд тэднээс дайжиж хэлж болох бүхий л шалтаг, шалтгааныг тоочин зугтсаар өдийг хүрээд байгаа аж.
Манай редакцын зүгээс тус газрын мэргэжилтэнтэй холбогдоход, "Бид уг асуудлыг хүлээж авсан. Цэг дээр нь очиж шалгалт хийсэн. Засварын ажил үргэлжилж байгаа. 14 хоногийн дараа гэхэд хэвийн ажиллаад эхэлнэ" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.
-Шинэ цэвэрлэх байгууламж хурдан баривал 2026 онд ашиглалтад бүрэн оруулж магадгүй-
Төв цэвэрлэх байгууламж 1964 онд хоногт 45 мянган метр куб ахуйн бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орсон. 1977-1986 оны хооронд гурван удаа өргөтгөж, хоногт 230 мянган метр куб болтол нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч хүлээн авч буй усны бохирдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, зөвшөөрөгдөх хэмжээнээс их бохирдолтой болсон.
Улмаар хүчин чадлыг хоногт 170 мянган метр куб болгон бууруулсан аж. Ийн хүлээн авсан бохир усыг 70-80 хувьтай цэвэршүүлэн байгальд нийлүүлж байна. Ирж байгаа бохирдлын хэмжээ стандартаас 2-4 дахин өндөр, бохир усны гидраалик ачаалал их байгаагаас биологи цэвэрлэгээний үе шат хэвийн явах боломжгүй байгаа нь том хүндрэлүүдийн нэг.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Тухайн үед барилгын ажлыг 2024 онд дуусгаж, цэвэрлэхийг ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байсан. Гэвч төлөвлөгөө ёсоор болоогүй. Ажиллах хүчний тухайд асуудал байхгүй ч санхүүжилт болон бусад асуудлаас шалтгаалж ажил удааширч буй аж.
Бүтээн байгуулалтад ажиллах хүч, тоног төхөөрөмжийн хувьд 50 хувь БНХАУ-аас импортлохоор болсон. Энэ жил Хятадаас өнгөрсөн жилийнхтэй ижил 500 гаруй ажилтан, дотоодоос туслан гүйцэтгэх компаниудын 1000 орчим ажилтан ажиллахаар төлөвлөжээ. Монголын туслан гүйцэтгэгч компаниуд бетон, хайрга дайрга нийлүүлэх, барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах, харилцаа холбоо, цахилгаан, ус хангамж, ариутгал татуургын чиглэлээр ажиллаж байгаа аж.
Цаасан дээрх төлөвлөгөөг харвал цэвэрлэхийн барилгын ажил 2025 онд бүрэн дуусч, 2026 онд тоног төхөөрөмжийг угсарч, туршилт хийгдэж ашиглалтад орох гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.