Францын ЭСЯ хэрэг өдүүлсэн иргэндээ зугтахыг зөвлөж байна
Бүгд найрамдах Франц улс (БНФУ)-ын иргэн Бенжамин Жуберт хэмээх эр 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр машин түрээсийн Sixt car компаниас машин түрээсэлжээ. Тус компани үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу 7 сарын 31-нд худалдан авсан Патриот маркын цоо шинэ автомашинаа түүнд өгөөд явуулсан байна.
Гэтэл Мандалговийн цагдаагийн байгууллагаас 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуудлага ирж, БНФУ-ын иргэн нь гурван тэмээ мөргөсөн тухай мэдээлэл ирүүлжээ. Тэмээнүүд газар дээрээ үхэж, машин нь базсан чихрийн цаас шиг болж, компани үлэмж хэмжээний хохирол амссан байна.
Цагдаагийн байгууллагаас газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулаад Бенжамин нь 109км цагийн хурдтай, хурд хэтрүүлж явсныг тогтоожээ.
Түрээсийн гэрээ байгуулсан хэнбугай ч осол гэмтлийн талаар тухайн байгууллагад цаг алдалгүй мэдээлэх үүрэгтэй. Харамсалтай нь, БНФУ-ын иргэн ослын талаар Sixt car компаниас нуусан, тэр ч бүү хэл одоо болтол буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирлоо барагдуулах нь бүү хэл уучлал гуйхгүй байгаа аж. Компанийн зүгээс асуудлыг эв найрамдалтайгаар зохицуулах хүсэлтэй байгаа боловч франц эр ууртай бүдүүлэг харьцаж, ажилтнуудыг нь сүрдүүлж, дээрэлхэж, соёлгүй харьцсаар байгаа юм байна. Мөн, гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр зочид буудлын арын хаалгаар зугтаж цагдаад баригдаж байсан байх юм.
Монгол Улс дахь БНФУ-ын ЭСЯ-наас иргэндээ "зугт" гэдэг зөвлөгөө өгч байгаа нь тодорхой болоод байна. Цаашилбал, ЭСЯ-наас иргэнээ цагаан хуудсаар хил давуулахыг завдаж байгаа аж.
Sixt car автомашин түрээсийн компани бөгөөд сүүлийн арван жил Монголд үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын иргэн түрээсийн машинаа эвдэх явдал өмнө нь гарч байсан бөгөөд хил давснаар хохирол барагдуулах боломжгүй болдог аж. Иймд Бенжаминыг Монголд байх хугацаанд л хохирлыг нь барагдуулах зайлшгүй шаардлага урган гараад байгаа юм. Үүнд хамгийн их саад тотгор болж, хууль хяналтын байгууллага руу иргэнээ чөлөөлж явуулахыг шаардаж байгаа нь Францын ЭСЯ болоод байна.
Хэрэв Монгол Улсын иргэн БНФУ-д түрээсийн машин унаж яваад осол гэмтэл гаргавал төлж байж тус улсаас гарах эрх нээгдэх нь гарцаагүй юм. Гэтэл захын нэг гадаадын иргэн Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, хохирлоо барагдуулахгүйгээр хилээр гарна хэмээн даналзаж, үүнийг нь ЭСЯ дэмжин өөгшүүлж байгааг юу гэж тайлбарлах вэ!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.