Энэтхэгийн В.Погат спортын арбитрын шүүхэд хандлаа

Токио 2020 олимпын наадамд нэг ч оноо алдалгүй түрүүлсэн дэлхийн дөрөв, Ази тивийн хошой аварга Японы "ялагдашгүй" Юүи Сусакиг эхний тойрогт ялж шуугиан тарьсан Энэтхэгийн Винеш Погат зодог тайлах болсноо зарласан байна. 

Тодруулбал: Тэрээр шигшээ барилдааны өмнө жингээр хасагдан медаль хүртэх боломжоо алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

В.Погат нь Азийн наадмын болон хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга болсон Энэтхэгийн анхны эмэгтэй бөх бөгөөд олимпын наадмын финалд шалгарсан мөн Энэтхэгийн анхны эмэгтэй бөх болоод байлаа. 

Олон улсын бөхийн дүрмийн 11 дүгээр зүйлд заасны дагуу: Хэрэв тамирчин жингийн үзлэгт ороогүй (эхний болон хоёр дахь жин үзэлт) эсвэл заасан жингээс хэтэрсэн тохиолдолд тухайн тэмцээнээс хасагдах, чансааны оноо авахгүйгээр хамгийн сүүлд эрэмбэлэгдэнэ.  

Жингээр хасагдан олимпын медаль хүртэх боломжоо алдсан В.Погат спортын арбитрын шүүхэд гомдол гаргах болсноо мэдэгджээ. Тэрээр барилдааны эхний өдөр заасан жиндээ хүрсэн тул мөнгөн медаль хүртэх эрхтэй хэмээн гомдол мэдүүлж байгаа ажээ. 

Өдгөө 29 настай В.Погат өнөөдөр өөрийн Х хуудастаа /хуучнаар Твиттер/ : "Бөх ялж, би ялагдлаа. Мөрөөдөл минь сүйрлээ. Бөхийн спорт минь баяртай. Би та бүхний өмнө үргэлж өртэй үлдлээ. Уучлаарай" хэмээн зодог тайлж буйгаа зарласан байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.