Алдарт Гранд Пале ордонд таеквондочид тулалдлаа
Парис 2024 олимпын наадмын хамгийн үзүүштэй бөгөөд шударга шүүлттэй тулааны спорт бол таеквондо юм.
Өчигдөр (8 сарын 7-ны өдөр) албан ёсоор эрэгтэй, эмэгтэй хамгийн хөнгөн жин буюу эрэгтэйчүүдийн -58кг, эмэгтэйчүүдийн -49кг жингийн тулаанууд явагдлаа. Таеквондогийн тулаан Францын алдарт шилэн дээвэр бүхий Гранд Пале ордонд явагдсан нь үнэхээр онцгой байлаа. 8000 гаруй үзэгч энэхүү ордныг бүтэн дүүргэсэн бөгөөд тулаан бүр үзэгчдийн уухай дор нүргэлж байсныг онцлох хэрэгтэй.
Эрэгтэйчүүдийн -58кг жинд:
Таеквондогийн -58кг жингийн тулаанууд хурд, тэсрэлтийн хослол гэдэг утгаараа үнэхээр үзүүштэй байлаа. Токиогийн олимпын наадамд алтан медаль хүртэж чадаагүй БНСУ-ын таеквондочид Парисын олимпод эхний өдрөө алтан медаль хүртлээ. Алтан медалийн эзэн бол 2023 оны дэлхийн аварга Пак Тэжун байлаа. Олимпын наадмын өмнө БНСУ-аас энэ жинд өмнөх олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Жан Жуныг явах болов уу хэмээн таамаглаж байсан ч сорил тэмцээнд Пак Тэжун ялалт байгуулж олимпод оролцон улмаар алтан медалийн тавцанд зогслоо. Тэрээр Венесуэл, Францийн тамирчдыг ялж улмаар хагас шигшээд Токио 2020 олимпын энэ жингийн үзүүр түрүү Тунисын Мохамед Халил Жендоубиг ялан шигшээд тулалдах эрхээ олж авсан юм.
Аваргын алтан медалийн төлөө нөгөө хэсгээс дэлхий аваргаас хараахан медаль хүртэж чадаагүй яваа Азербайжаны Гашим Магомедов гарч ирлээ. Гашим Магомедов өчигдөр үнэхээр сайн байсан бөгөөд хагас шигшээ тулаанд "Токио 2020" олимпын аварга, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Италийн Вито Делл Акуилаг хожсон нь шуугиан тарьсан явдал байлаа. Гашим Магомедов энэ оны Европын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Вито Делл Акуилад ялагдаж байсан бол олимпын дэвжээнд хариугаа авсан ялалт нь энэ байлаа.
Шигшээ тулаанд өрсөлдсөн Гашим Магомедов болон Пак Тэжун нар 2023 онд Иорданд зохион байгуулагдсан Дэлхийн таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээний финалд учраа таарч байсан ба тухайн тулаанд Гашим Магомедов ялж аваргын алтан медаль хүртэж байлаа.
Таеквондогийн спорт олимпын наадамд оролцох болсон 2000 оноос хойш эрэгтэйчүүдийн -58кг жинд Пак Тэжун БНСУ-ын түрүүлж буй анхны тамирчин боллоо.
Эрэгтэйчүүдийн -49кг жинд:
Таамгын дагуу "Токио 2020" олимпын наадмын аварга, "Рио 2016" олимпын хүрэл медальт Тайландын В.Панипак таамгын дагуу түрүү хүртлээ. В.Панипакын энэхүү түрүү нь түүний олимп, дэлхийгээс хүртэж буй найм дахь медаль бөгөөд олимп, дэлхийн хошой аварга болж байна. Харин мөнгөн медалийг 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт БНХАУ-ын Гуо Кинг хүртлээ.
Хүрэл медалийг дэлхийн хошой аварга Хорватын Лена Стоякович, Ираны Мобина Нематзаде нар хүртлээ.
Өнөөдөр /8 сарын 8-ны өдөр/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -68кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн тулаанууд явагдана.
Эх сурвалж: Монголын таеквондогийн холбоо
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.