Энэтхэгийн бөх жингээр хасагдаж шигшээд барилдах эрхгүй боллоо

Парис 2024 олимпын наадмын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн -50кг жингийн дуулиан шуугиан тасрахгүй өрнөсөөр байна. 

Чөлөөт бөхийн спортыг шимтэн үзэгч хэн боловч энэ жинд Токио 2020 олимпын наадамд нэг ч оноо алдалгүй түрүүлсэн дэлхийн дөрөв, Ази тивийн хошой аварга Японы алдарт Юүи Сусакиг энэ жинд түрүүлнэ хэмээн таамаглаж бооцоогоо түүн дээр тавьж байсан ч тэрээр эхний тойрогт Энэтхэгийн бөхөд ялагдан шуугиан тарьсан билээ. Тэгвэл агуу аваргыг ялсан дэлхийн хошой хүрэл, Азийн наадмын алт, хүрэл медальт Энэтхэгийн Винеш Погат цааш дэлхийн аваргын хүрэл медальт Украины Оксана Ливач, хагас шигшээд Кубын Ю.Гузманыг ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Эмэгтэйчүүдийн -50кг жинд олимпын наадмын алтан медалийн төлөө шалгарсан Энэтхэгийн анхны бөх Винеш Погат өнөөдөр өглөөний жингийн үзлэгт бүдэрснээр тэмцээнээс хасагдахаар боллоо. Дэлхийн бөхийн нэгдсэн бөхийн холбооны дүрмийн дагуу жингээр хасагдсан тамирчинд хагас шигшээд ялагдсан Кубын Ю.Гузман түүний оронд шигшээд барилдахаар боллоо. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.