МУГТ Д.Отгонжаргал хагас шигшээд шалгарлаа

Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50кг жинд хүч үзэж буй дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медаль МУГТ Д.Отгонжаргал хагас шигшээд шалгарлаа. 

Эмэгтэйчүүдийн -50кг жинд манай бөх дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж байгаа ба эхний тойрогт насанд хүрэгчдийн Европын аваргын хүрэл, 23 хүртэлх насны Европын аваргын мөнгөн медальт Италийн Э.Лиуззитэй учраа таарсан ч Италийн бөх жиндээ орж чадаагүйн улмаас хасагдаж манай бөх шууд ялалт авсан юм. 

Улмаар шөвгийн 8-д таамгийн дагуу өдгөө дөрөв дэх олимподоо оролцож буй олимпын хошой мөнгө, хошой хүрэл, дэлхийн хошой аварга Украин гаралтай Азербайжаны Мария Стадниктай туллаа. Дөнгөж сая манай бөх өрсөлдөгчөө 4:4 буюу бүхэл онооны чанараар ялж хагас шигшээд шалгарлаа. 

МУГТ Д.Отгонжаргал хагас шигшээд Токио 2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медаль, Пан Америкийн долоон удаагийн аварга АНУ-ын Сара Хилдебрандттай оноолт таарлаа. Түүнтэй Д.Отгонжаргал 2023 оны дэлхийн аваргаар учраа таарахад 7:5 харьцаагаар ялж байлаа. 

Эмэгтэйчүүдийн -50кг жингийн хагас шигшээ оноолт

 Энэ жингийн гол дуулиан бол жинг толгойлж буй Токио 2020 олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы Юуи Сусаки эхний тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт Энэтхэгийн Винеш Погатад ялагдлаа. 

Хагас шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 00:15 цагт явагдах хуваарьтай байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.