МУГТ Д.Отгонжаргалын өрсөлдөгчдийг шинжихүй

Парис 2024 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд өнөөдөр манай улсаас дэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медаль МУГТ Д.Отгонжаргал зодоглоно. 

Эмэгтэйчүүдийн -50кг жинд манай бөх дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж байгаа ба эхний тойрогт насанд хүрэгчдийн Европын аваргын хүрэл, 23 хүртэлх насны Европын аваргын мөнгөн медальт Италийн Э.Лиуззитэй учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоорондоо учраа таарч байгаагүй юм.

Энэ жинг Токио 2020 олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы Юуи Сусаки тэргүүлж байна. Харин энэ жинд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орж байсан Токио олимпын мөнгөн медальт БНХАУ-ын Сан Яананы оронд БНХАУ-аас 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт, энэ оны ази тивийн аваргын үзүүр түрүү Фэн Зики оролцож байна. 

МУГТ Д.Отгонжаргал хэрэв эхний өрсөлдөгчөө давсан тохиолдолд Азербайжаны Мария Стадник, Германы Анастасия Блаявас нарын ялсантай шөвгийн 8-д барилдана. Таамгийн дагуу өдгөө дөрөв дэх олимподоо оролцож буй олимпын хошой мөнгө, хошой хүрэл, дэлхийн хошой аварга Украин гаралтай Азербайжаны Мария Стадниктай тулах болов уу. Мария Стадникын хувьд өнгөрсөн Токиогийн олимпын наадмаар манай Ц.Намууцэцэгийг давж хүрэл медаль хүртэж байсныг манай бөх сонирхогчид сайн санаж байгаа биз ээ. Д.Отгонжаргал Мария Стадниктэй 2023 оны Загребын нээлттэй тэмцээнд учраа тааран барилдахад 6:2 харьцаагаар ялагдаж байсан түүхтэй. 

Д.Отгонжаргалын хэсэгт бас нэгэн хүчтэй өрсөлдөгч байгаа нь Токио 2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медаль, Пан Америкийн долоон удаагийн аварга АНУ-ын Сара Хилдебрандт байна. Түүнтэй Д.Отгонжаргал 2023 оны дэлхийн аваргаар учраа таарахад 7:5 харьцаагаар ялж байлаа. 

Эмэгтэйчүүдийн -50кг жингийн Д.Отгонжаргалын хэсгийн оноолт 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.