М.Лопез хосгүй түүх бүтээхэд нэг л даваа үлдлээ
Парис 2024 олимпын наадмын сонгомол бөхийн хамгийн хүнд жин болох 130кг жинд аваргын алтан медалийн төлөө олимпын дөрөв, дэлхийн таван удаагийн аварга Кубын домогт М.Лопез болон дэлхийн аваргын хүрэл медальт Чилийн Я.Акоста нар тунан үлдээд байна.
М.Лопезийн хувьд финалд шалгарснаар олимпын нэг төрөлд таван алтан медаль хүртсэн спортын аль ч төрөлд байхгүй анхны тамирчин болох түүхэн нэг барилдаан үлдээд байна. Өдгөө 41 настай М.Лопез финалын барилдаанд өөрийн нутаг нэгт Я.Акостатай барилдахаар тунаад байна. Я.Акоста нь Куба гаралтай ч 2017 оноос Чилийн улсын нэр дээрээс барилдаж буй өдгөө 36 настай тамирчин юм. М.Лопезийн үл тасрах ялалтууд Я.Акостад өөр улсын нэр дээрээс барилдахаас өөр сонголт өгөөгүй нь мэдээж хэрэг. Чилийн нэр дээрээс барилдах болсон тэрхүү сонголт нь ч буруу байгаагүйг баталж ийнхүү олимпын наадмын шигшээд шалгараад байна.
М.Лопез: "Энэ үнэхээр онцгой үдэш байх болно. Кубын хоёр тамирчны шигшээ барилдаан гээд та бүхэн төсөөлөөд үздээ. Энэ нь бүх хүнд таалагдах нь дамжиггүй, ялангуяа Куба дахь ах дүү нарт маань хамгийн ихээр таалагдана гэж бодож байна" хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.