Э.Дэлгэрмаа дагах барилдаан хийхээр боллоо

"Парис 2024" олимпын их наадмын чөлөөт, сонгомол бөхийн төрлүүд эхэллээ. 

Эхний өдөр /8 сарын 5-ны өдөр/ сонгомол бөхийн хамгийн хөнгөн болон хүнд жин болох -60кг, 130кг жин, эмэгтэй чөлөөт бөхийн -68кг жингийн хэсгийн барилдаанууд явагдлаа. Энэ өдөр манай улсаас эмэгтэйчүүдийн -68кг жинд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын болон ази тивийн аваргын мөнгөн медальт, Ханжоу азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа барилдлаа.

Тэрээр эхний тойрогт "Токио 2020" олимпын наадмын хүрэл, "Осло 2021" дэлхийн аваргын алт, Ази тивийн аваргын иж бүрэн медальт Кыргызстаны М.Зуманазароватай учраа таарч 8:3 харьцаагаар ялагдсан юм. 

М.Зуманазарова цааш шөвгийн 8-д дэлхийн болон ази тивийн хошой аварга Японы Нонока Озаки 8:6 харьцаагаар, хагас шигшээд "Токио 2020" олимпын мөнгө, Африкийн наадмын гурав, Африк тивийн 13 удаагийн аварга Нигерийн Б.Оборудудуг 3:1 харьцаагаар ялж шигшээд шалгарлаа. М.Зуманазарова шигшээд шалгарсан тул Э.Дэлгэрмаа дагах барилдаан хийх, улмаар медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. 

Манай бөх дагах барилдаанаа Улаанбаатарын цагаар 17:00 цагт ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Японы Нонока Озаки хийнэ. Хоёр бөхийн хувьд энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд учраа таарахад Нонока Озаки цэвэр ялсан юм. Нонока Озаки энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа 68кг жинд барилдсан ба өмнө нь -62кг жинд барилдаж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.