Ялагдал үзээгүй тулаанчийг Б.Энх-Оргил илүүрхэн яллаа

Өнгөрөгч амралтын өдөр /8 сарын 3-ны өдөр/ холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох one championship холбооны One Fight Night 24 тулаанд монгол тулаанч Б.Энх-Оргил ялалт байгуулж тулаан сонирхогч монгол түмнээ баясгалаа. 

"MGL-1" холбооны аварга, "Шандас ММА", "Тунгаа Тийм" багийн тулаанч Баатархүүгийн Энх-Оргил One Championship холбоонд тав дахь тулаанаа хийлээ. Хамгийн сүүлд буюу энэ оны эхэнд ОХУ-ын тулаанч Артем Белахт ялагдсанаасаа хойш тулаан хийгээгүй байсан Б.Энх-Оргилын тулааныг үзэхийг хүлээсэн монголчууддаа гайхалтай тулаанаар бэлэг барилаа. Энэ удаагийн түүний өрсөлдөгч нь нэг ч ялагдаж үзээгүй Филиппиний тулаанч Карло Бумина-анг байлаа. Филиппин тулаанч Б.Энх-Оргилоос таван насаар дүү буюу 30 настай бөгөөд өмнөх бүх өрсөлдөгчөө боолт, хүнд цохилтоор буулган авч байсан бол энэ удаад Б.Энх-Оргилын өмнө хүчин мөхөстлөө. Манай тулаанч эхнээсээ илүүрхэн явсаар сүүлийн мөчид боолтоор өрсөлдөгчөө "унтууллаа". 

Ийнхүү гайхалтай тулааныг хийсэн Б.Энх-Оргилынхоо дараа, дараачийн тулаанд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.