Э.Дэлгэрмаа монгол бөхчүүдийн салхийг хагалан барилдана
"Парис 2024" олимпын их наадмын чөлөөт бөхийн төрөл өнөөдөр /8 сарын 5-ны өдөр/ албан ёсоор эхэлнэ.
Монголчуудын найдлага тавьдаг спортын төрлийн нэг бол чөлөөт бөхийн төрөл билээ. Энэ удаагийн олимпод манай улсаас чөлөөт бөхийн төрөлд нийт есөн бөх өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа ба өнөөдөр манай бөхчүүдийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн -68кг жинд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын болон ази тивийн аваргын мөнгөн медальт, Ханжоу азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа барилдана. Манай бөхийн хувьд өөрийн жиндээ дэлхийн чансааны 2-т эрэмбэлэгдэж байна.
Тэрээр эхний тойрогт "Токио 2020" олимпын наадмын хүрэл, "Осло 2021" дэлхийн аваргын алт, Ази тивийн аваргын иж бүрэн медальт Кыргызстаны М.Зуманазароватай учраа таарсан байна.
Хоёр бөхийн өмнө нь хэд хэдэн удаа учраа таарч байсан ба хамгийн сүүлд өнгөрсөн онд Кыргызстан улсад зохион байгуулагдсан дэлхийн чансааны тэмцээний хагас шигшээд учраа таарахад Э.Дэлгэрмаа 2:1 харьцаагаар нутаг дээр нь ялж улмаар мөнгөн медаль хүртэж байлаа. Харин 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд 7:2 харьцаагаар М.Зуманазарова ялж байсныг бөх сонирхогчид маань сайн санаж байгаа бизээ. Тэгвэл тэд өнөөдөр Парисын дэвжээнд дахин учраа таарлаа. Хоёр бөхийн ялсан нь таамгийн дагуу дэлхийн болон ази тивийн хошой аварга Японы Нонока Озакитай учраа таарах болов уу.
Өнөөдөр чөлөөт болон сонгомол бөхийн барилдаанууд Монголын цагаар 21:00 цагт эхлэх хуваарьтай байна. Э.Дэлгэрмаадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.