О.Цэцэнцэнгэл жүдо бөхийн "хаад"-тай хүч үзнэ

"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн ганцаарчилсан барилдааны төрөл өнөөдөр /8.2/ өндөрлөнө. 

Хуваарь ёсоор өнөөдөр /8.2/ эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас Парис, Тел Авив, Абу Дабыгийн их дуулгын аварга О.Цэцэнцэнгэл, Ази тивийн аваргын мөнгөн медальт А.Адъяасүрэн нар хүч үзнэ.

ОУХМ О.Цэцэнцэнгэлийн хүч үзэх эрэгтэйчүүдийн +100кг жинд өрсөлдөх шилдгүүдийг танилцуулж байна. 

А хэсгийг энэ оны дэлхийн аварга БНСУ-ын Ким Минжон

В хэсгийг 2022 оны дэлхийн аварга Кубын А.Гранда

С хэсгийг 2022 оноос хойш оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж буй Тажикистаны Р.Темур

D хэсгийг олимпын мөнгө, дэлхийн иж бүрэн медальт Гүржийн Г.Тушишвили нар тус тус тэргүүлэн барилдана. 

ОУХМ О.Цэцэнцэнгэлийн хувьд эхний барилдаанаа Германы Э.Абрамовтой хийнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2022 оны Загребийн их дуулга дээр учраа таарахад О.Цэцэнцэнгэл давж байлаа. Хэрэв эхний учраагаа давбал С хэсгийг тэргүүлж буй Тажикистаны Р.Темуртэй барилдах оноолттой байна. О.Цэцэнцэнгэл Р.Темуртэй одоогоос долоон жилийн өмнө Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд учраа тааран барилдаж ялагдаж байсан түүхтэй. Тухайн үед хоёр бөх -100кг жинд барилдаж байлаа. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн С хэсгийн оноолт

Энэ жинд "жүдо бөхийн хаад" хэмээн нэрлэж болох олимп, дэлхийн хошой аварга Чехийн Л.Крпалек, олимпын хошой алт, хошой хүрэл, дэлхийн 10 удаагийн аварга Францын домогт Тэдди Рине аварга нар болон олимпын хошой хүрэл, дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт Бразилын Р.Силва, дэлхийн аваргын мөнгөн медальт Японы Т.Сайто зэрэг хүнд жингийн шилдгүүд бүгд зодоглож байна. 

Манай бөхчүүд өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдана. Баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.