Б.Гончигсүрэн өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй хүч үзнэ

"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Таван өдрийн дараах байдлаар Япон улсын баг, тамирчид гурван алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар амжилтын хүснэгтийг тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүүгийн хүртсэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд МУГТ Ё.Басхүү, -73кг жинд Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Л.Энхрийлэн нар шагналт долоодугаар байрт орсон амжилтуудаар олимпын наадамд өрсөлдөж буй 122 орноос 13-т дүгээрт эрэмбэлэгдэж байна. 

Медалийн хүснэгт /7.31/

Өнөөдөр /8.1/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -100кг, эмэгтэйчүүдийн -78кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас 2023 оны Улаанбаатарын их дуулгын аварга Б.Гончигсүрэн, Ази тивийн аваргын хүрэл медальт залуу тамирчин О.Хүслэн нар хүч үзнэ.  

Эрэгтэйчүүдийн -100кг жинд буюу Б.Гончигсүрэнгийн өрсөлдөгчдийг танилцуулбал:

А хэсгийг энэ оны шинэхэн дэлхийн аварга Азербайжаны З.Коцоев

В хэсгийг 2022 оны дэлхийн аварга Узбекистаны М.Туробоев

С хэсгийг залуучуудын олимпын мөнгөн медальт Гүржийн И.Суламанидзе

D хэсгийг энэ оны дэлхийн аваргын үзүүр түрүү Канадын Ш.Элнахас нар тус тус тэргүүлэн барилдана. 

Тэгвэл манай Б.Гончигсүрэн А хэсэгт хуваарилагдсан ба эхний тойрогт 2023 оны дэлхийн аваргын хүрэл медальт Израилын хашир туршлагатай П.Палтчиктай хүч үзнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоорондоо гурван удаа учраа таарахад хоёр удаад нь П.Палтчик, 2022 оны дэлхийн аваргаар Б.Гончигсүрэн давж байлаа.  

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн А хэсгийн оноолт

Дээрх шилдгүүдээс гадна Токио 2020 олимп, 2017 оны дэлхийн аварга Японы Аарон Волф, олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Португалийн Ж.Фонсека, дэлхийн хошой алт, 2024 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Испанийн Н.Шеразадишвили, дэлхийн аваргын мөнгөн медальт Сербийн А.Куколж нар энэ жинд өрсөлдөнө.    

Манай бөхчүүд Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдах ба амжилтын дээдийг хүсэн ерөөе.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.