Шилдгүүд хуран цугласан 81 кг жинд хэн түрүүлэх вэ?
"Парис 2024" олимпын их наадмын жүдо бөхийн төрөл дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Гурван өдрийн дараах байдлаар Япон улсын баг, тамирчид хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар амжилтын хүснэгтийг тэргүүлж байгаа бол эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүүгийн хүртсэн мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд МУГТ Ё.Басхүү, -73кг жинд Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Л.Энхрийлэн нар шагналт долоодугаар байрт орсон амжилтуудаар олимпын наадамд өрсөлдөж буй 122 орноос 9 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Өнөөдөр /7.30/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас эдгээр жингүүдэд тамирчид өрсөлдөхгүй.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд хамгийн олон тамирчин буюу нийт 33 жүдоч өрсөлдөнө. Энэ жинд өрсөлдөх шилдэг бөхчүүдийг танилцуулбал:
А хэсгийг олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, гурван мөнгөн медальт Белгийн М.Кассе
В хэсгийг Пан Америкын наадмын болон Пан Америк тивийн гурван удаагийн аварга Бразилын залуу од Г.Шимидт
С хэсгийг сүүлийн гурван жил дараалан энэ жинг ноёлж буй дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Т.Григалашвили
D хэсгийг дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын И Жонхван нар тус тус тэргүүлэн барилдана.
Хэсэг тэргүүлж буй дээрх шилдгүүдээс гадна Олимпын наадмын алт, хүрэл, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт Японы Т.Нагасе аварга, гурав дахь олимподоо оролцож буй дэлхийн аваргын хүрэл медальт Нидерландын Франк Де Вит, дэлхийн аварга Израилын Саги Муки нар хүч үзнэ. Жүдо бөхийн шилдгүүд хуран цугласан энэхүү жингийн бүх барилдаанууд үнэхээр үзүүштэй болох нь дамжиггүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.