МУГТ Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар дагах барилдаан хийнэ
Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.29) гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанууд явагдаж МУГТ Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар маш сайн барилдан үзэгч түмнээ баясгалаа. Манай бөхчүүд хэн хэн нь хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдан дагах барилдаан хийхээр боллоо.
МУГТ Л.Энхрийлэн:
Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн эхний учраа болох Токио 2020 олимпын наадмын аварга Косовогийн Г.Нораг торгуулиар цэвэр ялсан.
Улмаар шөвгийн 16-д Германы П.Старкег нэмэлт цагт мөн л торгуулиар цэвэр ялж С хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгаран үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө шинэхэн дэлхийн аварга БНСУ-ын Хух Мимитэй барилдан цаг дуусах мөчид ваза ари үнэлгээ ялдан ялагдаж дагахаар боллоо.
Дагах барилдаанд залуучуудын дэлхийн аварга, Гүржийн Е.Липартелианитэй хүч үзэхээр боллоо. Хоёр бөхийн хувьд одоогоос есөн жилийн өмнө өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд учраа таарч тухайн барилдаанд Л.Энхрийлэн ялж байсан түүх бий.
ОУХМ Б.Эрдэнэбаяр:
Эрэгтэйчүүдийн -73кг жинд хүч үзэж буй Б.Эрдэнэбаяр эхний учраа болох D хэсгийн тэргүүн бөх, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Швейцарийн С.Нилстэй урамтай сайхан барилдаж давсан. Шөвгийн 16-д манай бөх 2023 оны Европын аваргын мөнгөн медальт Испанийн К.Р.Салвадорийг мөн нэмэлт цагт ялсан юм. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд Молдавын А.Османовт торгуулиар ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.
Дагах барилдаанд манай бөх дэлхийн аваргын иж бүрэн медальт Японы С.Хашимототой хүч үзэн барилдах юм. С.Хашимото аваргын хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын бөхөд торгуулиар ялагдсан юм.
Манай бөхчүүд Улаанбаатарын цагаар 22:00 цагт барилдах ба амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.