МУГТ Л.Энхрийлэнгийн өрсөлдөгчдийг шинжихүй

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.29) гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана. 

Эхний өдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн хоёр жингийн барилдаан явагдаж эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Харин өчигдөр (7.28) эрэгтэйчүүдийн -66кг жинд хүч үзсэн МУГТ Ё.Басхүү шагналт долоодугаар байрт шалгарлаа. 

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай улсаас 2023 оны Тибилисийн их дуулгын аварга Б.Эрдэнэбаяр, дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн нар хүч үзнэ. 

Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт болон өрсөлдөгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  

МУГТ Л.Энхрийлэнгийн өрсөлдөгчид:

Эмэгтэйчүүдийн -57кг жинд 28 тамирчин хүч үзэх ба А хэсгийг дэлхийн хошой аварга Канадын К.Дэгүчи, В хэсгийг Токио 2020 олимпын мөнгөн медальт Францын К.С.Леони, С хэсгийг шинэхэн дэлхийн аварга БНСУ-ын Хух Мими, D хэсгийг Рио 2016 олимпын аварга, дэлхийн хошой алтан медальт Бразилын Р.Силва тус тус тэргүүлэн барилдана. 

МУГТ Л.Энхрийлэнгийн хувьд С хэсэгт эхний барилдаанаа Токио 2020 олимпын наадмын аварга Косовогийн Г.Норатай хийнэ. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2018 оны Европын клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд нэг л удаа учраа таарч байсан ба тухайн барилдаанд МУГТ Л.Энхрийлэн давж байсан түүхтэй. Л.Энхрийлэнгийн хувьд өөрийн хэсгийн хүчтэй өрсөлдөгчидтэй өмнө нь хэд хэдэн удаа учраа таарч ялж байлаа. Тухайлбал хэсгийг тэргүүлж буй БНСУ-ын Хух Мимитэй гурван удаа таарахад бүгдэд нь ялж байсан бол Израйлын алдарт Нелсон Леви Тимнатай таван удаа учраа таарахад сүүлийн хоёрт нь Л.Энхрийлэн давсан байдаг.      

 

-57кг жингийн С хэсгийн оноолт 

Тус жингийн үзүүштэй барилдаанууд гарах бас нэгэн хэсэг байгаа нь В хэсэг юм. В хэсгийг дээр дурдсанчлан Токио 2020 олимпын мөнгөн медальт Францын К.С.Леони тэргүүлэх бол дэлхийн хошой мөнгөн медальт Японы Харука Фунакубо, шинэ үеийн төлөөлөл болон гарч ирж буй өсвөр, залуучуудын дэлхийн аварга Италийн Т.Вероника, олимпын хүрэл, өсвөр, залуучууд, насанд хүрэгч гээд бүх насны дэлхийн аварга Украины Д.Билодид нар энэ хэсэгт бий. 

-57кг жингийн В хэсгийн оноолт 

Манай бөхчүүд өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдах хуваарьтай байгаа. 

Амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.