Өнөөдөр манай дөрвөн жүдоч хүч үзнэ

Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.28) хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана. 

Өчигдөр буюу эхний өдөр эрэгтэй, эмэгтэй хөнгөн хоёр жингийн барилдаан явагдаж эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Тэрээр анхны олимподоо оролцож буй нь энэ бөгөөд шинэхэн дэлхийн аварга цолоо олимпын мөнгөн медалиар чимлээ.  

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн медальтнууд

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү, залуучуудын олимпын мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам нар хүч үзнэ. Мөн түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс манай хоёр жүдоч барилдах ба Мастерсийн хүрэл медальт Б.Нармандах болон Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга Б.Хорлоодой нар юм. 

Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолт болон өрсөлдөгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.  

МУГТ Ё.Басхүүгийн өрсөлдөгчид:

Эрэгтэйчүүдийн -66кг жинд 27 тамирчин хүч үзэх ба А хэсгийг дэлхийн аваргын хошой хүрэл медальт Молдавын Д.Веру, В хэсгийг Токио 2020 олимпын аварга , дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы алдарт Абе Хифүми, С хэсгийг Токио 2020 олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Гүржийн Ваза Маргвелашвили, D хэсгийг элхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү тус тус тэргүүлэн барилдана.  

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С, D хэсгийн оноолт

МУГТ Ё.Басхүү хэсгээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөж байгаа ба удаах тойрогт Украины Иадов Богдан болон Кыргызстаны А.У.Кубаничбек нарын хэн ялсныг нь хүлээж байна. Ё.Басхүү Украины И.Богдантай өмнө нь хоёр удаа учраа таарч хоёуланд нь давж байсан бол Кыргызстаны А.У.Кубаничбектэй 2023 оны Тбилисийн их дуулга тэмцээний финалд барилдан ялагдаж байлаа. D хэсэгт хэд хэдэн хүчтэй өрсөлдөгч байгаагийн нэг нь залуучуудын дэлхийн аварга Бразилын Лима Виллиан юм. Ё.Басхүү түүнтэй өмнө гурван удаа учраа таарч хоёр давж байсан түүхтэй. 

Харин эрэгтэйчүүдийн -66кг жингийн хамгийн ширүүн өрсөлдөөнүүд гарах С хэсэгт Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс барилдах манай Б.Нармандах бий. Түүний хувьд эхний тойрогт олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай учраа таарсан байна. Б.Нармандах Ан Баул аваргатай өмнө нь гурван удаа учраа таарч нэг ялж, хоёр ялагдаж байлаа. Энэ хэсэгт дэлхийн медальт хэд хэдэн бөх орсон байх ба дэлхийн мөнгөтэй Казахстаны Г.Кыргызбаев, дэлхийн аваргын хүрэл медальт Францын В.Хияар, мэдээж хэсгийг тэргүүлж буй Токио 2020 олимпын мөнгө, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Гүржийн Ваза Маргвелашвили нарыг дурдаж болохоор байна. Энэ хэсгээс нь хэн нь ч хагас шигшээд шалгарахыг таахын аргагүй юм. 

 

Манай бөхчүүд өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдах хуваарьтай байгаа. 

Амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.