Б.Баасанхүү аваргын өнөөдрийн учраа бөхчүүдийг шинжихүй
Зуны спортын XXXIII наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр (7.27) албан ёсоор эхэлнэ.
Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хөнгөн хоёр жингийн барилдаанаар эхлэх ба манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн -48кг жинд, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд эрэгтэйчүүдийн -60кг жинд тус тус хүч үзнэ. Дэлхийн медальтнуудын маань хэн хэн нь анхны олимподоо оролцож буй нь энэ юм.
Б.Баасанхүүгийн өрсөлдөгчид:
Эмэгтэйчүүдийн -48кг жинд эмэгтэй жингүүд дотроо хамгийн олон буюу 31 жүдоч хүч үзэж байна. Тус жинд дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Италийн С.Ассунта тэргүүлж байгаа бол В хэсгийг дэлхийн гурван удаагийн аварга Нацүми Цунода, С хэсгийг шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүү, D хэсгийг дэлхийн аваргын хошой хүрэл медальт Казахстаны А.Абузакинова тус тус тэргүүлэн барилдана.
Б.Баасанхүүгийн хувьд эхний тойрогт Малта улсын залуу бөх Э.Катаринатай учраа таарсан байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь 2024 оны тавдугаар сард зохион байгуулагдсан Душанбегийн гранприд учраа таарч Б.Баасанхүү ялж байлаа. C хэсэгт орсон бөхчүүдээс хамгийн туршлагатайг нь нэрлэ гэвэл Португалийн К.Катарина, Германы М.Катарина нарыг нэрлэж болох ч Б.Баасанхүү тэрхүү хоёр бөхийн хэнд ч нь ялагдаж үзээгүй, таарах бүрдээ давсан статистик бий. Хэрэв "ерөөлөөр" манай бөх хэсгээсээ шалгарч хагас шигшээд барилдах бол D хэсгийг тэргүүлэгч Казахстаны А.Абузакиноватай таарах магадлал өндөр. Хоёр бөх хоорондоо гурван удаа учраа таарахад Б.Баасанхүү хоёрт нь өрсөлдөгчөө "дарж" байлаа.
Манай бөх өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт барилдах хуваарьтай байгаа.
Амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.