Хэд хэдэн бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

Үндэсний их баяр наадмаар дөрөв давсан 32 бөх болон 16 харваачаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага допингийн шинжилгээ авч, сорьцыг энэ сарын 13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн юм.

Тэгвэл шинжилгээний хариуг өнөөдөр өглөө Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл Германаас авчирсан бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүлээлгэн өгсөн байна.

Манай улс шинжилгээний сорцыг өмнө нь БНСУ-ын лабораторид шинжлүүлж ирсэн бөгөөд энэ жилээс Герман улсын лабораторид шинжлүүлсэн. Германы лаборатори 72 цагийн дотор шинжилгээний хариуг ийнхүү ирүүлээд байна. Лабораторийн “сэжигтэй” шинжилгээний хариу зөрөх бараг боломжгүй аж.  Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 99 хувийн баталгаатай гардаг байна. Допинг илэрсэн бөхчүүд шинжилгээний хариутай санал нийлээгүй нөхцөлд “Б” сорьцыг дахин шинжилгээнд өгөх эрх нээлттэй юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс допингийн шинжилгээний хариуг маргааш албан ёсоор олон нийтэд мэдээллэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.