Шанхайд дэлхийн шилдгүүд цуглаад байна

Мэргэжлийн снукер биллиардын уламжлалт Шанхай Мастерс тэмцээн зохион байгуулагдаж байна. 

2007 оноос 2017 он хүртэл буюу 10 жилийн турш дэлхийн чансааны оноо олгодог Шанхай Мастерс тэмцээн нь 2018 оноос форматаа өөрчлөн чансааны оноо олгох бус шилдэг тамирчдыг, сонирхогчдыг шилдгүүдтэй өрсөлдөх боломжийг олгон урилгаар оролцуулдаг тэмцээн болон өөрчлөгдөн зохион байгуулагдах болсон юм. Өнгөрсөн хугацаанд домогт аварга Ронни О Сулливан Шанхай мастерс тэмцээнд нийт таван удаа (2009, 2017, 2018, 2019, 2023) түрүүлсэн байдаг ба сүүлийн дөрвөн түрүү нь дараалсан байдаг. Тодруулбал Ковид цар тахлын улмаас 2020 оноос 2022 онуудад Шанхай мастерс тэмцээн зохион байгуулагдаагүй тул Ронни аварга 2017 оноос завсаргүй дөрвөн удаа түрүүлсэн гэдэг нь ийм учиртай. 

Дээр дурдсанчлан Шанхай Мастерс тэмцээнд урилгаар 24 тамирчин оролцдог ба дэлхийн чансааны эхний 16 тамирчин болон БНХАУ-ын хамгийн өндөр чансаатай дөрөв болон цагаан хуудсаар сонирхогчдын ангиллын мөн дөрвөн тамирчин гээд нийт оролцогч бүрддэг уламжлалтай. 

Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн тус тэмцээний шөвгийн 16 тамирчны тоглолтууд яг одоо явагдаж байгаа ба Ронни аварга бүх тамирчдыг тэргүүлэн одоогийн байдлаар ганцаараа шигшээ 8-д шалгараад байна. Онцлох тоглолтуудаас дурдвал дэлхийн аваргын үзүүр түрүү Жак Жонес эхний тойрогт Хятад залуу тамирчин Жин Саод 6:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

Харин өнөөдрийн оргил тоглолтоор Жадд Трамп болон Марк Уиллиамс нарын дэлхийн аваргуудын 32 дахь дуэл байх болно. Тэд өмнө нь 31 удаа учраа таарахад 21 удаад нь Ж.Трамп аварга илүүрхсэн ч энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Tour Championship тэмцээнд 10:4 харьцаагаар Марк Уиллиамс аварга Ж.Трампыг буулган авсан юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.