Залуучуудын ААШТ-д манай бөхчүүд амжилттай оролцлоо

Йордан улсын Амман хотноо бөхийн төрлүүдийн 17 болон 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

17 хүртэл насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -73кг жинд хүч үзсэн Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл 23 хүртэлх насны Ази тивийн аваргад манай бөхчүүд хоёр алт, мөнгө, хос хүрэл медаль буюу нийт таван медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -55 кг жинд Б.Отгонтуяа Казахстан, Тайван, Кыргызстан, Энэтхэгийн бөхчүүдийг ялж 23 хүртэлх насны Ази тивийн хошой аварга боллоо. 2022 онд мөн насанд Ази тивийн аварга болж Б.Отгонтуяагын хувьд ийнхүү 23 хүртэлх насны Ази тивийн хошой аварга болж буй монголын анхны тамирчин болж байна. 

Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа

Эмэгтэйчүүдийн -53кг жинд “Алдар-Аваргууд акедами”-н тамирчин Ч.Отгонтуяа мөн алтан медаль хүртлээ. Ч.Отгонтуяагийн хувьд энэ онд насанд хүрэгчдийн Ази тивийн аваргад өрсөлдөн хүрэл медаль хүртээд байсан юм. 

Ази тивийн аварга Ч.Отгонтуяа

Эрэгтэйчүүдийн 86кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн -65кг жинд Б.Ганцэцэг, -62кг жинд Э.Одгэрэл нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. 
-65кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Ганцэцэг

-62кг жинд хүрэл медаль хүртсэн Э.Одгэрэл

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.