Удам дамжсан аварга Тадахиро Номура
"Парис 2024" зуны олимпын наадам эхлэхэд 29 хоног үлдээд байна.
Зуны олимпын наадмын хамгийн үзүүштэй спортын төрлүүдийн нэг болох жүдо бөхийн спорт нь 1964 оны Токиогийн олимпын наадмаас олимпын үндсэн төрөл болсон байдаг. 1964 оноос 2021 оны Токиогийн олимпын наадам хүртэлх хугацаанд жүдо бөхийн төрлөөр олимпын наадамд 151 алтан медаль гардуулсан байдаг. АНУ-ын Харрисон, Японы Оно, Францын Рине гэх мэт хэд хэдэн жүдоч олимпын хошой аварга болсон байдаг бол домог Номура аварга гурав дараалж түрүүлсэн цорын ганц жүдоч юм.
Тэнцвэр, хүч, техникийн үзүүлэлт дээр тулгуурлагддаг жүдо бөхийн спортын хамгийн гайхалтай ялалтыг "Иппон" буюу цэвэр ялалт хэмээн нэрийддэг. Цэвэр ялалтуудаараа олимпын наадмыг чимсэн шилдэг тамирчдыг цувралаар танилцуулж байна.
Тадахиро Номура
Японы алдарт бөх Тадахиро Номура нь гурван олимп (1996, 2000, 2004) дараалан алтан медаль хүртсэн домогт тамирчин юм. Түүний гарамгай хийдэг сеой наге мэх нь хурд, төгс гүйцэтгэлээрээ илт ялгардаг байлаа. Тэрээр 1996 онд анх удаа олимпын аварга болохдоо хагас шигшээ барилдаанд монголын цуут бөх Д.Нармандахтай барилдаж байсан бол 2004 оны олимпын наадамд Х.Цагаанбаатар аваргатай барилдаж байсныг жүдо сонирхогчид маань сайн санаж байгаа бизээ.
Жүдо бөхийн гэр бүлд төрсөн Номурагийн өвөө, аав хоёр хоёулаа жүдо бөхийн шилдэг дасгалжуулагчид байжээ. Аав нь 1984 оны олимпын наадмаас алтан медаль хүртсэн Шинжи Хосокавагийн дасгалжуулагч байсан юм. Номурагийн аварга Тоёказү Номура нь 1972 оны зуны олимпын -70кг жингийн аварга болж байсан түүхтэй.
Номура карьерынхаа түүхэнд жүдо бөхийн бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд нийт зургаан удаа түрүүлж байсан ба 2004 оны олимпын наадмын дараа дөрөв дэх удаагаа олимпод түрүүлэх зорилготой буйгаа зарлаж байсан хэдий ч өвдөгний гэмтлийн улмаас энэ хүсэл нь хараахан биелээгүй ч одоо хэр нь түүний дээд амжилтыг эвдсэн жүдоч гараагүй л байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.