Ц.Уранзаяа тивийн аваргад үзүүрлэлээ
Йордан улсын Амман хотноо бөхийн төрлүүдийн 17 болон 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
17 хүртэл насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны өдөр хөшгөө нээж өчигдөр /6.26/ дүнгээ гаргалаа. Энэ насны эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 16 улсын тамирчид өрсөлдсөнөөс Иран улс тэргүүн байр, Киргизстан улс хоёрт, Казахстан улсын гуравт орсон бол эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 11 улсаас 220 оноогоор Энэтхэг улсын баг тэргүүн байр, БНХАУ-ын баг хоёр, Япон улсын баг, тамирчид гуравдугаар байр тус тус эзэллээ.
Манай улсаас эмэгтэйчүүдийн -73кг жинд хүч үзсэн Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Тайванийн тамирчинг 10:0, Казахстаны тамирчинг 4:1 харьцаагаар тус тус ялж шигшээд шалгарсан ба алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Кажал Кажалд ялагдсанаар тивийн аваргад үзүүрлэлээ.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нас насны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр тэргүүлсэн дасгалжуулагчид баг, тамирчдаа удирдан оролцож байгаа ба 17 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Төв аймгийн БТСГ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, МУГТ Г.Мандахнаран нар дасгалжуулагчаар ажиллаа.
Тэгвэл өнөөдөр буюу 6 сарын 27-ны өдөр 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 23 хүртэлх насны Монгол улсын багийг МУГД Ц.Хосбаяр удирдан оролцох юм. Баг, тамирчдадаа амжилт хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.