СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Р.Базарыг батлан даалтад гаргахаас шүүх татгалзав

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 долоо хоногийн өмнө

“Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг уул уурхайн компани, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базар, уул уурхайн компаниудынх нь гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг ЭЦА-ныхан өнгөрсөн сарын дундуур баривчлан шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн.

Улмаар 2021 оны есдүгээр сараас 2023 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд бусдаар гадаадын цахим мөрийтэй тоглоомд бооцоо тавиулж их хэмжээний мөнгөө алдсан гэх шалтгаанаар биед нь халдаж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарлан заналхийлсэн хэрэг үйлдсэн нутаг дэвсгэрийн харьяалал буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрөвдүгээр сарын 17-ны 171 дугаартай захирамжаар яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорихоор болсон. Уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Р.Базарын өмгөөлөгч Т.Пүрэвбазар гаргасныг дээрх шүүхээс “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн харьяалах газрын шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж үзэн хэлэлцэхээс татгалзсан юм билээ.

Тиймээс Р.Базар нарт холбогдох хэргийг шалгаж байгаа ЭЦА-ны байрлаж буй нутаг дэвсгэр болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Т.Пүрэвбазар үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргах хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг шүүх өчигдөр хэлэлцээд Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөс татгалзлаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй талаар баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй гэж шүүгч үзээд өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээж авсангүй.

Р.Базар болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан зэрэг хүмүүсийг сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, татвараас зайлсхийж мөнгө угаасан, банкны хувьцааг хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөөр худалдан авсан, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.