Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд шар усны үер буусантай холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох байгууллагууд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү:
-Цаг агаар дулаарч өдөртөө нэмэх хэмтэй, шөнөдөө хасах хэм рүү орж байгаа. Саяны амралтын өдрүүдэд нийслэл хотод дөрвөн газар шар усын үер бууж ирлээ. Өдөртөө нэмэх градустай болж байгаа учраас уулнаас буух усны хэмжээ нэмэгдэж байна. Бид үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс уулнаас буусан усыг соруулах, эсвэл сувагчилж татах замаар гол руу нийлүүлэх байдлаар ажиллаж байна.
Жишээлбэл, Яармагийн Нисэхийн тойргийн доод талд Богд уулнаас шар ус ихээр буулаа. Геодези, Усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Ус суваг удирдах газар, Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүмүүс газар дээр нь ажилласан. Яармагийн үерийн усыг соруулсан. Учир нь усны хаялга нь шөнөдөө хөлдчихөөд байгаа. Тиймээс соруулж зөөхөөс арга байгаагүй.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц усанд автсан. Усыг нь соруулах ажлыг хийсэн.
Мөн Баянзүрх дүүргийн Хөлийн гол орчимд 93 айл байдаг. Усанд арав гаруй айл автсан байсныг есийг нь нүүлгэн шилжүүлсэн. Хоёр айлын иргэдийг Баянзүрх дүүргийн өөрийн харьяанд байдаг “Шижир” амралтын газарт аваачсан. Шар усны үер татарсны дараа эргэж гэртээ очих боломжийг нь бүрдүүлнэ.
Хөлийн гол орчмын айлууд ганцхан энэ жил биш олон жил үерт автах магадлалтай явж ирсэн. Тиймээс байнга мэдэгдэл хүргүүлж ирсэн. Дээрх 93 айлын тал нь газрын гэрчилгээгүй айлууд байгаа.
Нийслэл хотод үерт өртөх эрсдэлтэй 1500 гаруй айл байна. Энэ айлуудад Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нүүж очих газрыг нь зааж өгсөн. Нүүж очиж амьдрах бололцоотой. Зарим айл нь зааж өгсөн газар дээр очиж, газрын гэрчилгээгээ авчихаад эргээд уулын ус татарсан үед үерт өртөх эрсдэлтэй газар дээрээ хүрээд ирдэг. Энэ айлуудад тогтмол мэдэгдэл хүргүүлэхийг шаарддаг.
Газрын гэрчилгээтэй зарим айл “Нүүхгүй. Ямар ч эрсдэл болсон хариуцлагаа өөрөө хүлээнэ. Төрөөс тэтгэмж олгох юм бол нүүнэ” гэсэн иргэд байдаг. Газрын хуульд зааснаар шинэ суурьшлын бүс байгуулаад тэндээ иргэдийг нүүлгэж, газрыг газраар солих зохицуулалт байдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тэгвэл тэндээ живэг. хөдөөнөөс хүн ам орж ирэхийг тэр социализмынхан ед маш сайн хянаж тойрох бичигтэй ирдэг байж билээ. энэ ардчилал гэх юмны үед дураараа болж гай тарьж байна.