СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Сос медика”-д давуу байдал олгосон ҮИТ-ийн даргын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхгүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
3 сарын өмнө

Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ)-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Соронзонболдод холбогдох хэргийг түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хэлэлцэх, эсэхийг хянаад хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа.

Ингэснээр С.Соронзонболдод Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэл хуулийн хүчин төгөлдөр болж, Засгийн газрын 5Ш ажиллагааны “Шүүр”-т өртөх хүмүүсийн жагсаалтад орж байгаа юм. Уг нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон даруйд ҮИТ-ийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлөх ёстой. Гэвч тус төвийн Удирдах зөвлөл ямар нэг шийдвэр гаргахгүй, ял шийтгэлтэй хүн төрийн байгууллагын удирдах албан тушаал хашсаар байгаа аж. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг энэ байгууллагын удирдлагыг чөлөөлөх асуудал шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон учраас удахгүй эцэслэн шийдвэрлэх биз.

С.Соронзонболд ҮИТ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа 2022 оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гарган өгч, давуу байдал олгосон хэрэгт холбогдсон билээ.

“Ковид-19” цар тахлын үед “Оюутолгой” ХК-ийн ажилчдаас шинжилгээ авч байсан “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ хүргүүлэн шинжлүүлдэг байв. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүйгээр тус лабораторийнхон ХӨСҮТ-тэй “Төлбөрт тусламж, үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан дээжээ шинжлүүлэн хариуг нь албан баланк дээрээ гаргадаг байсан юм. Тодруулбал, MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангасан гэрчилгээгүй ажиллаж байв. “Медика Монголиа” ХХК-ийн “Сос медика” лабораторид ҮИТ-ийн дарга С.Соронзонболд албан тушаалаа урвуулж, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчин давуу байдал олгосныг АТГ-ынхны явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Түүний гэм буруутайг анхан шатны шүүх тогтоож, хоёр ч удаа ял шийтгэсэн. Тодруулбал, 2023 оны өнгөрсөн гуравдугаар сард С.Соронзонболдын нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, 7.2 сая төгрөгөөр торгох ял шийтгэж байсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмнө нь оноосон ялыг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийн 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээр С.Соронзонболд уг ялыг эдлэх болж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.