Өнөөдөр манай зургаан бөх хүч үзнэ
Жүдо бөхийн нэр хүндтэй уламжлалт Парисын их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Дэлхийн 107 орны 621 жүдоч хүч үзэж буй Парисын их дуулга тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдаж байна. Парисын их дуулга тэмцээнд оролцож буй монголын баг, бүрэлдэхүүний танилцуулга болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /2.2/ уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн барилдаан явагдаж манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү нарын есөн бөх барилдлаа. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -66кг жинд МУГТ Ё.Басхүү болон эмэгтэйчүүдийн -48кг жинд Б.Баасанхүү нар хүч үзсэн ч харамсалтай медаль хүртэж чадалгүй шагналт тавдугаар байранд шалгарлаа.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас зургаан бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Өнгөрсөн оны Тбилисийн их дуулган аварга Б.Эрдэнэбаяр эхний тойрогт гоц мөргөсөн ба удаах тойрогт Аргентины бөхтэй учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд: 2021 оны Парисын их дуулгын хүрэл медальт Г.Болор-Очир D хэсэгт эхний тойрогт Катарын бөхтэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд: Энэ жинд манай улсаас хоёр бөх хүч үзэх ба А хэсэгт залуу тамирчин Ц.Энх-Оргил эхний тойрогт Бразилын С.Науанатай учраа таарсан бол С хэсэгт Ази тивийн аварга Б.Ганхайч эхний тойрогт Узбекистаны бөхтэй учраа таарсан байна.
Эмэгтэйчүүдийн -70кг жинд: Энэ жинд манай улсаас мөн хоёр бөх зодоглох ба А хэсэгт залуу тамирчин С.Лхагвадулам эхний тойрогт Перу улсын бөхтэй учраа таарсан бол С хэсэгт өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.