?О.Цогтгэрэл: Эрх баригчдын үнэн төрхийг илчилсэн сэтгүүлчийг айлган сүрдүүлэх системчилсэн арга явж байна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “шүүхэд нөлөөлсөн” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гомдол гаргажээ. Улмаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагаас Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татахаа мэдэгдсэн. Тэрбээр уг прокурорын мэдэгдлийг эсэргүүцэж, Төв талбай дээр суулт зарлаад байгаа юм.
Н.Өнөрцэцэгийг суулт хийж байхад УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон АН-ын гишүүд хүрэлцэн ирж дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, АН-ын бүлгийн зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгээр дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагад эрх баригчдын зүгээс барьж буй бодлого, хандлага дээр байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодсон.
Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлж буй сэтгүүлчид хэрэг тохож, айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулж байгааг эрс буруу шааж байна. Эрх баригчдын зүгээс үзэл бодлоо илэрхийлж буй иргэн, сэтгүүлчийг айлган сүрдүүлэх системчилсэн арга явж байна. Эрх баригчдын үнэн төрхийг илчилж, үзэг, микрофоноос өөр зэвсэггүй сэтгүүлч бол улс орны хувь заяа тусгаар тогтнолыг хамгаалан зогсож буй баатар.
УИХ дахь АН-ын бүлэг, бүлгийн гишүүд хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах хууль ёсны эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө эрх баригчид, хуулийн байгууллагуудын шахалт айлган сүрдүүлэлтэд өртсөн сэтгүүлч, иргэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ямагт хамгаалан зогсох болно. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хорьдог, залхаан цээрлүүлдэг бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригчдаас АН-ын бүлэг шаардаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.