СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-11-23

Б.Мөнхбаяр: Ургамлын тос импортлогчид 5 хувийн татвар төлж байхад, дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь давсан

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах үндэсний үйлдвэрлэгч "Майнд Тэч" ХХК-ийн үйлдвэрт ажиллаж, баялаг бүтээгчид болон дотоодын үйлдвэрлэлийг дэмжих татварын суурь шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо. Энэ  үеэр "Майнд Тэч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяраас зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Та бүхэн сая ургамлын тосны үйлдвэрээ танилцууллаа. Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудлууд юу байна вэ?

-Бид рапсын таримлаар ургамлын тос, малын уурагт тэжээл үйлдвэрлэж байна. Уурагт тэжээл гэдэг нь монголын бэлчээрийн мал аж ахуйд нэн түрүүнд дутагдаад байгаа юм. Энэ тэжээл нь малд өөхөн бус махан тарга суулгана. Өөрөөр хэлбэл, хонин толгойд шилжүүлснээр 10 сая толгой мал эрсдэхгүй, турахгүй байх, улмаар өвөл, хаврын цагт хүртэл малыг таргалуулах хэмжээний үр дүнтэй стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Иймд энэ тэжээлийг стратегийн хүнсэнд оруулах, цаашлаад хууль бус шороон рапсын тариалалт, эсвэл гадагшаа хятад руу гаргахад тарифын хязгаарлалт тавих шаардлагатай байна. Төр засгаас ийм дэмжлэгийг үзүүлбэл монгол орны бэлчээрийн малын хорогдол багасгана. Өнөөдөр жилд 3 сая мал хорогдож байна гэсэн судалгаа байна. Нөгөөтэйгүүр, хүмүүс рапсыг хөрсөнд муу гэж их ярьдаг ч үнэндээ тариалалтын сэлгээ болж өгдөг, хүнсний үйлдвэрийн гол түүхий эд юм.

Мөн үйлдвэрлэгчдийн зүгээс тэжээлийн ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, эсвэл ижил төрлийн ургамлын тосны гаалийн татварыг нэмэгдүүлэх нь чухал байна.  Сүү, хүнсний ногоон дээр 30 хувь, өндгөнд 15 хувиар импортын татварыг нэмэгдүүлэн тогтоосноор монголчууд дотооддоо хүнсний ногоогоо бүрэн хангадаг, өндөгний үйлдвэрлэл ч хөгжөөд дотооддын хэрэглээний 50-иас дээш хувийг хангадаг болсон. Өнөөдөр ургамлын тосны зах зээлд давамгайлж буй импортлогчид 5 хувийн татвар төлж байхад, дотоодын үйлдвэрлэгчдэд ирэх татварын дарамт 20 хувь давсан. Дотоодын үйлдвэрлэгчдээ өсөж, хөгжих боломжийг олгохын тулд татварын бодлогоор дэмжих л чухал байна.

Малчид жилийн турш цаг наргүй, алжаал тайлах завгүй ажилладаг. Малчдын хөдөлмөр маш хүнд. Малдаа үнэтэй тэжээл өгөх нь тэдний амьжиргаа, санхүүд хүнд тусах нь гарцаагүй. Тиймээс тэжээлийн ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, үнийг нь багасгах шаардлагатай байна. Ингэснээр эрүүл, чанартай махыг боломжийн үнээр дотооддоо худалдаалах, цаашлаад махны экспортыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

-Та үйлдвэрлэгчдээ татварын бодлогоор дэмжих хүсэлтийг тавьжээ. Импортын албан татварыг нэмэгдүүлснээр ургамлын тосны үйлдвэрлэлд ямар эерэг нөлөө гарах бол?

-Ижил төстэй ургамлын тосны импортыг хязгаарласнаар дотоодын үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ төрлийн бүтээгдэхүүнийхээ үнийг барина. Тухайлбал, 2022 онд хамгийн хямд өртөгтэй оросын ургамлын тос 11 мянган төгрөгтэй байлаа. Энэ үед бид “Эзэгтэй” ургамлын тосоо хамгийн хямд өртгөөр буюу 6600 төгрөгөөр худалдаалснаар импортын тоснууд үнээ буулгасан. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчидтэй байх, тэднийгээ дэмжиж ирсэн зөв бодлогын  давуу тал  юм. Тиймээс бидний зүгээс тавьж буй асуудал, хүсэлтийг төр засгаас шийдвэрлэвэл уурагт тэжээл, ургамлын тос, бусад гоо сайхны бүтээгдэхүүний үнэ хямд байх давуу талууд бий болгох боломж бүрдэнэ.

-Танайх бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа юу?

-Бид өнгөрсөн жил ургамлын тосны дотоодын хэрэглээний 30 хувиа хангаад цаана нь 800 тонныг БНСУ-д экспортлосон. Энэ жилээс бага хэмжээгээр Япон улсруу ургамлын тосоо экспортолж эхэлсэн. Үүнээс харахад бидэнд багагүй боломж байгаа нь харагдаж байгаа юм.

-Үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад ажлын байр ч нэмэгдэх нь дамжиггүй тийм үү?

-Манай үйлдвэр бүрэн автомат тул харьцангүй цөөн буюу 100-150 хүн  ажилладаг. Ургамлын тос үйлдвэрлэж буй дайвар бүтээгдэхүүнээ гоо сайхны үйлдвэрлэлд ашигладаг. Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл гар ажиллагаа ихтэй учраас төр засгийн зүгээс түүхий эд болон татварын дэмжлэгүүдийг үзүүлбэл ажлын байр чамгүй нэмэгдэх нь гарцаагүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.