ШШГЕГ-ын тайлбарыг Б.Ганхуягийн ар гэрийнхэн "худал мэдээлэл" гэж үгүйсгэлээ
“Нүүрсний хулгай” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хурлыг хойшлуулсан.
Өчигдрийн шүүх хурлын үеэр Б.Ганхуягийн хадам ах П.Пүрэвдорж мэдээлэл өгөхдөө “Б.Ганхуягийн хөл гараар нь битүү яр шарх гарч, идээ бээр болсон. Хумс, буйл нь хөхөрч, хордлогын шинжтэй байна. Б.Ганхуяг бол маш том гэрч. Гэтэл эрх мэдэлтнүүд энэ гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж эхэллээ гэж бид үзэж байна” гэсэн юм. Түүнчлэн Б.Ганхуягийн гэмтэлтэй хөлийн зураг цахим орчинд цацагдсан.
Харин түүний эрүүл мэндийн талаар ШШГЕГ-ынхан “Б.Ганхуягийн эрүүл мэндийн байдал тогтвортой байна. Олон нийтийн сүлжээнд тавьсан зураг дээрх хөлийн шилбэний өөрчлөлт нь цагдан хоригдохоор ирэх үеийнхээс нэмэгдээгүй, шинээр гарсан тууралт, үрэвсэлгүй, хуучин сорвижилттой байна” гэдэг тайлбар хийсэн.
Гэвч Б.Ганхуягийн ар гэрийнхэн ШШГЕГ-ын өгч буй тайлбартай санал нийлэхгүй байгаа ажээ. ШШГЕГ-аас энэ оны аравдугаар сарын 25-нд Б.Ганхуягийн өмгөөлөгч Г.Ганцэцэгт ирүүлсэн албан тоотдоо “Лабораторын шинжилгээ, эмчийн үзлэгээр Б.Ганхуяг нойр булчирхайн архаг үрэвсэлтэй нь оношлогдсон” хэмээн дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.