Тэмцэгч О.Отгонтөгсийн төгс биш өнгөрсөн намтар
Нэг л мэдэхэд манай нийгэм О.Отгонтөгс хэмээх олби оготно шиг тэмцэгчтэй болоодохсон. Мань эр хаана л бол хаана жагсаад, тэмцээд явж байна. Хэлэмгий доломгой учир телевизийн камерт өртөхгүй байна гэж байхгүй.
Түүнийг Засгийн газрыг огцруулахаар Сүхбаатарын талбайн жагсаалын тэргүүнд, салбарын сайдыг нь огцруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна, Х.Болорчулуун сайдыг огцруулахаар Ордны баруун хаалганаа харж болно. Ер нь бол юуны ч төлөө хамаагүй тэмцэж, тэмцэгч хэмээх нэршлийг мэргэжлийн түвшинд авч яваа хүний нэг гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. "Ард" Ч.Ганхуягийн койныг эсэргүүцээд явж байсныг нь ч хүмүүс харсан л байх.
Гурван ч их, дээд сургууль төгссөн гэх энэ залуугийн өнгөрсөн амьдрал тийм ч дардан биш аж. Монголчууд ярьдаг, хүн алддаг, эрэг нурдаг. Өнгөрсөндөө хүн ямар ч байж болно, одоодоо хүн засарсан байж болно гэж.
Гэлээ гэхдээ олны танил болж яваа хүний үг үйлдлийг эрүүлээр шүүн тунгаахын тулд өнгөрснийх нь талаар сайн мэдэж, асуудалд аль болох шүүлтүүртэйгээр хандалгүй бол горьгүй. Гашилсан сүүгээр цай сүлж болдоггүй шүү дээ.
О.Отгонтөгсийн хувьд 2007 онд гурвын гурван удаа дээрмийн бүлэг хэргийнхээ төлөө шүүхийн хаалга татаж байсан байх юм. Жигшмээр нь, бүл чадал муутай эмэгтэйчүүдийг дээрэмддэг байжээ.
2008 оны гуравдугаар сард Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхээс бүлэг дээрмийн хэрэгтээ гурван жилийн хорих ял хүлээж байсан баримтыг та бүхэн харж байна. Шүүхийн тогтоол дээр давтан үйлдсэн гэдгийг онцолж бичсэн байгаа. Энэ хэргийнхээ төлөө 3 жил 1 сарын хорих ялыг Хүүхдийн хорих ангид эдэлж байжээ.
Бид ийм л нэг намтар түүхтэй тэмцэгчтэй болжээ. Ийм намтар түүхтэй нэгэн учир хэлсэн ярьсан бүхэнд нь цэнзүүртэй хандаасай гэсэндээ энэхүү баримтыг дэлгэлээ. Харсан бүхэндээ шууд итгэлгүй, асуудалд шүүлтүүртэй хандахыг цаг үе юу юунаас илүү шаардаж байнам.
.jpg)
.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.