СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-25

Мөр өвлүүлэгчид

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 жилийн өмнө

Өнөөгийн нийгэм, архины хэрэглээний талаар хийгдсэн судалгаа, өөрийн ажиглалтаас харахад, уудаг архины төрөл зүйл нь их, тоо хэмжээ нь элбэг алкахолын хэмжээ ч нэмэгджээ. Манайхны тэмдэглэлт өдрүүд арай л дэндүү дэндүү байна. Энэ нь архи уух гол шалтгийн нэг болж байна.

Бага насанд архи уусан ах нар сүрдмээр хэрнээ дуураймаар ч юм шиг харагддаг байж. Хүүхэд байхдаа айл гэрдэж тоглодог байхад аав нь адуундаа яваад ирэхдээ архи уучихаад ирсэн гээд нүд амаа сонин болгосон, инээдтэй сууж харагддаг багын найзуудын минь төрх одоо ч нүдэнд харагдаж байна. Энэ бол инээдэм биш байж, хүүхэд нийгмээ тольдож байгаа тусгал байж. Бага насны ой тоонд үлдсэн санах ойгоо сэргээн байж, архины тухай дараах хэдэн өгүүлбэрийг холболоо.

Нутгийн ах нар багийн өдөрлөг, хурал, овооны баяр болон бусад цугларалтууд дээр бөөнөөрөө цуглаад, нийлж дарвина. Тэр ч аргагүй байсан байх. Малаа харж нэг нэг уулын мухарт уйдаж байгаад, насан багын найзуудаа харан хөөрч, морины хурд мэдэн давхицгаан, аяга тагш юм ууж халамцана. Зарим нэг нь уугаагүй байж олон найзаа хараад дарвин согтдог байсан байх. Дараа нь бага сага зуу татаад ирэхээрээ хоорондоо муудалцан, том том ташуур барин, бие бие рүүгээ морин дээрээс далайх нь сүртэй хэрнээ гоё ч юм шиг харагддаг байж.

Манайхан ер нь жалга довны үзэлтэй нь эндээс маш тод томруун харагддаг. Багийн овооны баяр, өдөрлөг болоход өөр багийн, хажуу сумын бөх, морь ирэхээр илүүд үзэж, сүр болно. Тэрүүхэн тэндээ 2 хуваагдаж байгаад наадмаа дуусган архируу орцгоож харагддаг. Тэр дунд ухамсар сайтай нь эртлэн гэрийн зүг явж харагддаг. Хэд хэдэн газар хэдэн шил юмаа тойруулчихаад баяр тарах үеэр улаан галзуу амьтад үүгээр, түүгээр давхицгаана. Энэ нь гэнэтийнх биш байдаг л зүйл учир ахмад буурлууд бусад хүмүүс тоосон шинжгүй ажиглацгаана.

Өөр баг, сумаас ирсэн залуусыг зодож, ташуурдаж, нанчилдсаны дараа баяр тарж, бөөн бөөнөөрөө гол өгсөж уруудах ажилдаа гарна. Энэ нь айл хэсч, аяга тагш юм гуйж уухыг хэлж байгаа юм. Залуучууд бөөнөөрөө айлд ороод хоорондоо муудах, сайдах, бүл чадал муутай гэрийн эздийг дээрэлхэх, дээрэнгүй харьцах гээд янз бүрийн авир гаргана. Зарим нь гараа зангидан, айлын ширээ шааж авах нь сүрдмээр, аймаар санагддаг байлаа. Одоо бодоход, тэр залуусын гаргаж буй үйлдэл нь ой гутам муухай зүйл байж, хүүхдийн эрх энэ тэр бол бүр саналтгүй. Ширээ цохилтыг нь сонсож, зүрх түгшиж явсан маань одоо хэр сэтгэлийн мухарт байж л байдаг. Тухайн нөхдүүдийн унаж яваа морьд жинхэнэ утгаараа замардаг байсан. Айлын гадаа эмээл хазаартай нь уяад хоночихно. Арчаатай нэг нь морио аргамжиж амжсан харагддаг. Өглөө нь шартацгаасан, зарим нь үргэлжлүүлсэн хүмүүс бахархалтайгаар бөөн л паянгаа ярьцгаана.

Энэ бүхэн өмнөх үеэс л улбаатай байж таарна. Ах нарын өмнөх үе мөн архи хүртэхдээ ширээ цохин босч ирдэг байж. Энэ үед архины төрөл зүйл цөөхөн, голдуу нэрмэл архи уудаг байсан. Тийм болоод ч архины хордлого болох нь ховор байсан биз.

Энэ бүхнийг нуршихын учир одоо үед ч миний багын зарим найз архи хүртсэн үедээ олон нмийтийн газар дуугаа өндөрсгөж, гараа зангидан, ширээ шааж байхыг харж байлаа. Ингэж өвөөгөөс аавд, ааваас хүүд “өвлөгдсөөр” байна гэдгийг л хэлэх гэсэн юм.

Тухайн үед архи ууж яваад мориндоо чирэгдсэн, мотоциклоос унасан, хоорондоо зодолдоод гэмтсэн гэнэ гэх мэтээр механик үр дагаврыг мэдэж байснаас бие эрхтэнд хэрхэн нөлөөлж байгаа талаарх ухуулга сурталчилгаа хомс, эцэг эхчүүд нь мэдээлэл, мэдлэг муутайгаас хүүхдүүддээ хор уршигийн талаар гүн гүнзгий ойлгуулж чадахгүй архи муухай, “баа баа” гэхээс цаашгүй байж.

Архи нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулдаг, дарангуйлах үйлчилгээтэй бодис юм. Мөн тархи, мэдрэлийн системд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Архины нөлөөгөөр цусанд таатай мэдрэмж төрүүлдэг допамины нийлэгжил нэмэгдсэнээр хоромхон зуурт аз жаргалтай, тайван, өөртөө илүү итгэлтэй болсон мэт санагдана.

Гэвч алсдаа архины задралын бүтцийн нөлөөгөөр хүний биед бодисын солилцооны дарангуйлал болон сэтгэл гутрал үүсэх уршигтай. Насанд хүрсэн хүний эрүүл элэг нэг цагт 10 грамм цэвэр спирт /этанол/ задлан хоргүйжүүлж, энэ нь биеэс 10-11 цагийн дараа гүйцэд задран гадагшилдаг. Архины задаргаагаар үүссэн дутуу задралын бүтээгдэхүүн болох ацетальдегид нь маш их хортой ба ихээр хуримтлагдсанаас элгийг гэмтээнэ. Архи нь цусны судсыг тэлж, даралт бууруулдаг учир бусад эрхтэнүүдэд хангалттай цус түгээхийн тулд зүрх илүү ачаалалтай ажиллаж эхэлнэ. Булчинд хүргэгдэх цусны хэмжээ багасаж, арьсан дахь цусны хэмжээ нэмэгдсэнээр хөлрөлт ихэснэ. Уусан архины 10 хүрэхгүй хувь нь хөлс, шээс амьсгалаар дамжин гадагшилдаг. Харин үлдсэн хэсэг нь элгэнд задарна. Судалгаанаас харахад, өндөр хөгжилтэй улс орнуудын архины татвар 10-60 хувь байхад ядуу буурай орны хувьд 15-20 хувь татвар тогтоодог байна.

Өнөөгийн нийгэм, архины хэрэглээний талаар хийгдсэн судалгаа, өөрийн ажиглалтаас харахад, уудаг архины төрөл зүйл нь их, тоо хэмжээ нь элбэг алкахолын хэмжээ ч нэмэгджээ. Манайхны тэмдэглэлт өдрүүд арай л дэндүү дэндүү байна. Энэ нь архи уух гол шалтгийн нэг болж байна. 

                                       Геологийн инженер Жарантайн АМАРТАЙВАН

                             

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.