Н.Тэмүүлэн: БЗС-гаас гадаадад зээлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг хувийн дансанд шилжүүлдэг зэрэг зөрчил илэрсэн
Авлигатай Тэмцэх Газраас боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Боловсролын зээлийн сангийн асуудал өнгөрсөн өдрүүдэд олны анхаарал татлаа. Уг зээлийн сантай холбоотой шалгалт хийгдэж байгаа юу? гэсэн сэтгүүлчийн асуултад Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хариулав.
Тэрбээр "АТГ-аас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд Боловсролын Зээлийн Санд орж, шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтаар нэлээн хэдэн зөрчил илэрсэн.
-
Тухайн санд томилсон албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод биш
-
Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулдаг
-
Өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг
-
Өөрийн сургалтын төлбөрийг чөлөөлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй бичгээ бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн
-
Гадаад суралцагчдын зээлийг хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй
-
Хууль зөрчиж чөлөөлсөн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй
-
Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлж, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг
-
Гэрээнд заасан хугацаанд ажил хийгээгүй хүмүүсийг ажлаас чөлөөлдөг
-
Гадаадад суралцах оюутнуудын зээлийг хувь дансаар нь шилжүүлдэг
-
БЗС-аас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягталдаггүй зэрэг зөрчил илэрчээ.
Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэх ирсэн байхад америк доллароор тооцоод шилжүүлдэг байна.
Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. Энэ зөрчлүүдтэй холбогдуулан АТГ-аас Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийг шалгаж эхэлжээ хэмээн мэдээллэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.