Д.Жунхуй дэлхийн хошой аварга боллоо
Мэргэжлийн снукер биллиардын 10 дахь удаагийн зургаан улаан шаарны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.
Анх 2008 онд зургаан улаан шаарны олон улсын нэртэйгээр зохион байгуулагдаж дараа жил нь зургаан улаан шаарны гран при тэмцээн болж нэрээ өөрчилсөн бол 2010 оноос ДАШТ зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.
ДАШТ-д нийт 32 тамирчин найман хэсэгт хуваагдан өрсөлдсөн ба Ронни О Сулливан, Жадд Трамп нарын аваргууд анх удаа энэ төрөлд хүч сорин өрсөлдсөнөөрөө онцлогтой байлаа. 2023 оны дэлхийн аваргаар БНХАУ-ын Дин Жунхуй тодорлоо.
Дин Жунхуй зургаан улаан шаарны ДАШТ-д 2016 онд түрүүлж, 2018 онд үзүүрлээд байсан бол ийнхүү хошой аварга болж байна. Тэрээр хэсэгтээ 2014, 2019 оны зургаан улаан шаарны дэлхийн аварга Шотландын Стефен Магуир болон Тайланд, БНХАУ-ын тамирчидтай багтан хэсгээсээ хоёроор гарсан юм. Харин хасагдах шатанд домогт Ронни, Стуарт Бингхам нарын аваргуудыг ээлж дараалан хожиж улмаар шигшээ тоглолтод 2015 оны зургаан улаан шаарны дэлхийн аварга, Тайландын Тепчаяа Ун Ног буулган авч хошой аварга боллоо.
Дин Жунхуй 2019 оны UK Championship тэмцээнд түрүүлснээсээ хойш дөрвөн жилийн дараа томоохон тэмцээнд түрүүлж буй нь энэ юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.