О.Цэцэнцэнгэл Израйлд төрийн дууллаа эгшиглүүллээ

Жүдо бөхийн Тел Авивийн их дуулга тэмцээн гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

Энэ удаагийн Тел Авивийн их дуулга тэмцээнд 52 орны 398 жүдоч хүч үзэж байгаа ба манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглолоо. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Францын шигшээ баг гурван алтан медаль, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Канадын баг хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар удааллаа. Харин манай баг, тамирчдын хувьд тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг жинд О.Цэцэнцэнгэл алт, -90кг жинд Г.Алтанбагана хүрэл медаль, МУГТ Ц.Цогтбаатар, Г.Наранцэцэг, Э.Сумъяабазар нар шагналт байранд орсон амжилтаар тэмцээнд оролцсон 52 орноос долоодугаар байрт эрэмбэлэгдлээ.  

Г.Алтанбагана дэлхийн медальтнуудыг ялж хүрэл медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн -90кг жинд барилдсан Г.Алтанбагана хэсэгтээ Өмнөд Африк, Грек, Эстонийн бөхчүүдийг ээлж дараалан ялж хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдсан мастерсын хошой аварга Гүржийн Б.Гвиниашвилид ялагдан дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд өнгөрсөн оны дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн К.Парлатиг, хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын И.Силва Моралесийг ялж хүрэл медалийн эзэн боллоо. 

О.Цэцэнцэнгэл их дуулгын аварга боллоо:

Абу Дабы, Парисын их дуулгуудын аварга О.Цэцэнцэнгэл өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар аваргын алтан медалийн төлөө 2018 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Азербайжаны У.Какауриг цэвэр ялж аваргын алтан медаль хүртлээ. Тэрээр их дуулгын алтан медалиа нэгээр нэмлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.