Өнөөдөр О.Цэцэнцэнгэл нарын манай таван бөх зодоглоно

Жүдо бөхийн Тел Авивийн их дуулга тэмцээн өнөөдөр хүнд жингийн барилдаануудаар өндөрлөнө. 

 

Энэ удаагийн Тел Авивийн их дуулга тэмцээнд 52 орны 398 жүдоч хүч үзэж байгаа ба манай улсаас олимпын хүрэл, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар тэргүүтэй 18 жүдоч зодоглож байна. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Хоёр өдрийн дараах байдлаар Францын шигшээ баг гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Канадын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Харин манай баг, тамирчид МУГТ Ц.Цогтбаатар, Г.Наранцэцэг, Э.Сумъяабазар нар шагналт байранд ороод байна.  

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас таван бөх зодоглоно. 

Эмэгтэйчүүдийн -78кг жинд:

Улаанбаатарын их дуулгын хүрэл медальт О.Хүслэн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт 2018 оны залуучуудын дэлхийн аварга Италийн Б.Алистэй оноолт таарсан байна. 

О.Хүслэнгийн оноолт /-78кг/

Эмэгтэйчүүдийн +78кг жинд:

Залуу мастер Д.Номинзул Германы Б.Самиратай эхний тойрогт учраа таарсан байна. 

Д.Номинзулын оноолт /+78кг/

Эрэгтэйчүүдийн -90кг жинд:

Энэ жинд манай улсаас хоёр бөх зодоглож байгаа ба А хэсэгт Г.Алтанбагана эхний тойрогт Өмнөд Африкийн бөхтэй, С хэсэгт Г.Пунцагцэрэн дэлхийн хошой хүрэл медальт Францын К.Акселтэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинд:

Абу Дабы, Парисын их дуулгуудын аварга О.Цэцэнцэнгэл эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Польшийн залуу бөхтэй оноолт таарсан байна. 

О.Цэцэнцэнгэлийн оноолт /+100кг/

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба та бүхэн шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны сайтаас шууд хүлээн авч үзэх боломжтой. Харин медалийн төлөөх барилдааныг 23:00 цагаас С1 телевизээр хүлээн авч үзээрэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.