Хятадын залуу тамирчин Ронни аварга боломж олгосонгүй
Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох ээлжит Welsh Open тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо.
Энэ сарын 13-наас 19-ны хооронд Уэльсийн Лиандудно хотноо зохион байгуулагдаж буй 2023 оны Welsh Open тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж байгаа билээ.
Урьд шөнө хагас шигшээгийн төлөөх тоглолтууд явагдсан ба одоогоор тэмцээний хамгийн өндөр оноог аваад буй Шаун Мөрфи таамгийн дагуу хагас шигшээд үлдлээ. Тэрээр шөвгийн наймд БНХАУ-ын залуу тамирчин Юуан Сижуныг 5:0 харьцаагаар буулган авсан юм.
Харин "дуулиан, шуугианы эзэн" Ронни аварга Хятадын залуу тамирчин Тиан Пенфэйд 5:0 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. Ингэснээр Ронни аварга ирэх долоо хоногт зохион байгуулагдах Players’ Championship тэмцээнд оролцох эрхээ алдлаа. Ронни О Сулливан хэрэв энэ удаагийн Welsh Open тэмцээнд түрүүлсэн бол Welsh Open тэмцээнд хамгийн олон үзүүр, түрүү хүртсэн (таван түрүү, хоёр удаа дэд байр) Жон Хиггинс аваргын амжилттай зэрэгцэн очих байлаа.
Ронни аваргыг буулган авсан Тиан Пенфей гэж хэн бэ?
Тэрээр мэргэжлийн карьертаа төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй ч 2006, 2010 оны Азийн наадмын аварга болж байсан тамирчин юм. Хэдийгээр карьераа 2006 онд Дохагийн Азийн наадмаар эхлүүлсэн ч БНХАУ-ын биллиардын холбооноос нэг жил тоглох эрхээ хасуулж байлаа. Учир нь тэрээр Дохагийн наадмын багийн төрөлд хамтран өрсөлдсөн өөрийн багийн хамтрагчид бэлгийн дарамт үзүүлээд зогсохгүй биед нь халдсан болох нь тогтоогдсон байдаг.
Тиан Пенфей өчигдөр анх удаа домогт аварга Ронни О Сулливаныг хожиж байгаа гэвэл үгүй. Тэд анх 2010 оны China Open тэмцээнд учраа таарч байсан ба тус тоглолтод Тиан Пенфей 5:3 харьцаагаар Ронниг буулган авч байлаа. Дараа нь 2014 оны Европын цуврал тэмцээнд мөн дахин таарч 4:2 харьцаагаар мөн л Тиан хожиж байлаа. Харин түүнээс хойш дахин гурван удаа учраа таарах бүрийд Ронни аварга илүүрхэн хожсон юм.
Тиан энэ удаагийн Welsh Open тэмцээний хагас шигшээ хүртэл амаргүй өрсөлдөгчдийг буулган авсан ба үүнд алдарт Жимми Уайт, Жон Хиггинс аварга, Али Картер зэрэг топ зэрэглэлийн тамирчид багтаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.