СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат өнөөдөр (2023.02.06) эхлэв.

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулана.

Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцуулахаар урьсан албан тушаалтнууд бүгд өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн хуулийн дагуу төрийн бус болон олон нийтийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулах зохицуулалтын дагуу Цогц хөгжлийн үндэсний төв, Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, mpa.mn зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгааг танилцууллаа.

Гурван өдөр үргэлжлэх сонсголын үйл ажиллагаанд Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд оролцох бөгөөд Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа, Эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек, Бизнес, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга С.Мөрөн, Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Амгалан болон холбогдох албан тушаалтнууд иржээ.

Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсодном, “Ди Би эм ассет менежмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбат нар өнөөдрийн сонсголд уригдан оролцож байгаа аж. Энэ өдрийн сонсголд нийт 63 гэрч, эхний асуудалтай холбогдуулан 31 гэрч дуудагдсан байна.

Энэ удаагийн сонсголоор хэлэлцэх гурав дахь багц асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн байх юм.

Түр хорооны хоёр дахь шатны сонсгол гурван өдөр үргэлжлэх бөгөөд ирц эхний өдрийнхөөрөө тооцогдох юм байна. Сонсголд оролцогч бүр парламентыг хүндэтгэх, дэг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээж байгааг Б.Энхбаяр гишүүн танилцуулж, дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага, сонсгол даргалагчийн үүрэг гэх зэрэг дэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Ийнхүү Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэлж, Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнгийн талаарх нотлох баримтыг судалж эхэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн гэрчүүдийн ирцийг танилцуулж, дээрх сэдвийн хүрээнд хийсэн шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан. Дараа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны гишүүд шинжээчийн дүгнэлт болон сонсголд дуудагдсан гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар мэдээлэл авч байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.