“Шинь шинь” ХХК-ийн үйл ажиллагааг хоёр жил зогсоох шийдвэр шүүх гаргав

Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани, түүний хууль ёсны төлөөлөгч тус улсын иргэн Агулад холбогдох хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус компани, БНХАУ-ын иргэн Агула болон өмгөөлөгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасны дагуу хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хурлыг тав хоног завсаруулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хариуцлага оноох хурлыг дээрх шүүхэд үргэлжлүүлэн хийлээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын “Улаан”-ы ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есдүгээр сараас хойш 10 гаруй жилийн хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл, хартугалга, цайр зэрэг хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч байгаль орчинд хохирол учруулах болсон.

Өөрөөр хэлбэл, чанаргүй материал буюу плёнк ашиглаж хаягдлын далангаа хучсаны улмаас цоорч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаль орчныг бохирдуулснаар нийтдээ 672 652 394 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдоод буй.

НПГ-аас тус компанид Эрүүгийн хуулийн 24.1-4 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүхээс тус компанийн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, 150 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасахаар тогтоол гаргасан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.