Х.Баттулга АТГ-аас шууд Төрийн ордонд очиж ЕТГ-ын даргатай уулзжээ

Мөрдөх байгууллагуудын хамтарсан ажлын хэсгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй 17 хүний нэрийг зарласан. Тэдний нэгээр зарлагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөгөөдөр нь АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Эх сурвалжуудын мэдээллээр мэдүүлэг авах үйл явц гурван цаг орчим үргэлжилж, төгсгөлд нь яллагдагчаар татах тогтоолыг танилцуулжээ.

Гэвч Х.Баттулга "...Бусдаас тодруулах, сайтар бодоод нэхэж санах 2-3 зүйл байгаа тул дахин ирж мэдүүлэг өгье" гэжээ. Ингээд яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зураагүй байна. Харин тэрбээр АТГ-т мэдүүлэг өгч гараад шууд Төрийн ордонд очжээ. Тэнд ЕТГ-ын дарга Я.Содбаатартай өрөөнд нь уулзсан байна. 

Х.Баттулга үүнээс гурав хоногийн дараа 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ руу явсан. .

Тэгвэл өөрөөр нь "овоглодог" АН-аас мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ "..."Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй" хэмээн АТГ-аас зарласан 17 хүнээс хамгийн түрүүнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр нийгмийн сүлжээнд “...Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.

Мөн

Мөн энэ сарын 21-нд Төрийн ордны Их танхимд болсон нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа "...Х.Баттулгыг оргон зайлсан гэж хэн нотлоод байгаа юм. Яллагдагчаар татагдсан байхад шүүх хурал болоход ирэхгүй бол оргосон гэж үзнэ. Шүүх хурал болтол хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ байдгаас мөрдөгч хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гарган, яллагдагчид арга хэмжээ авах эрх бий” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ийн сүр дуулиантайгаар эх орноосоо явсан Х.Баттулга одоогоор буцаж ирээгүй байна.

Б.Дамдин-Очир 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 250 (6982)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.