Б.Ганхуягийг урьд шөнө баривчилсан бол Ө.Шижир хил давж "зугтжээ"
"Нүүрсний хулгайчдыг зарла" уриатай жагсаалын шаардлага, Ерөнхийлөгчийн “шахалт”-ын дараа нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас баривчилж эхэлжээ.
Нүүрсний хулгайтай холбоотой эрхмүүдийн жагсаалтад “Тавантолгой төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлуудаас эхлээд томоохон албан тушаал хашиж байсан, олны танил маш олон хүний нэр байгаа юм байна.
Прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр нийт найман хүнийг баривчилсан бөгөөд тэдний нэг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг аж. Түүнтэй хамт эхнэр болон эгч Б.Нарантуяа, хүргэн ах Д.Пүрэвдорж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, тус компанийн орлогч даргаар ажиллаж байсан Х.Батсайхан нарыг баривчилжээ
Цаашилбал, албаны дарга асан С.Энхтөрийн ах "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг цагдан хорьсон байна.
Зарим албан тушаалтан зугтаж амжсан хэмээж байна. Тухайлбал, дээрх нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн жагсаалтад нэр нь бичээстэй байсан ЕТГ-ын дарга асан Ө.Шижир хил давж зугтсан гэх албаны эх сурвалжийн мэдээлэл байна. Харин түүний ойр дотны эх сурвалжийн мэдээллээр Ө.Шижир нь Катарт хөлбөмбөгийн ДАШТ үзэж яваа бөгөөд энэ сарын 10-нд эх орондоо ирнэ гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.