? Нүүрсний хулгайтай холбоотой ЯГ ОДОО шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлав
Олон нийт эсэргүүцлээ илэрхийлж, "Нүүрсний хулгайтай тэмцье" хөдөлгөөнийг хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирэхийг шаардаж, Засгийн газраас хийж буй ажлаа мэдээлэхийг хүссэн. Уг асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Энэ асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван удаа ярьсан. Амаргүй байна. Эцэст нь "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр онцгой дэглэм тогтоож ажиллаж байна. Энэ үеэр олон зүйл тодорхой болж байна. Бүрэн эрхт төлөөлөгч хэд хэдэн бичгийг АТГ-т явуулсан. Нүүрстэй холбоотой хэрэг гурван төрөл байна.
Нэгдүгээрт, Гэрээ
Хоёрдугаарт, Тээвэр
Гуравдугаарт, Төмөр замтай холбоотой асуудал дээр нийт арван эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна.
Хуулинд нийцэж байгаа бол материал, нэрийг өгөөч ээ гэж хүссэн. Нэрс авсан. Эрдэнэс тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Х.Нурлат гэсэн хүмүүс, мөн төмөр замтай холбоотойгоор "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон холбогдох албан тушаалын хүмүүс, мөн тээвэртэй холбоотойгоор Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, Хил хамгаалах Ерөнхий газрын Гашуунсухайт боомтын төлөөлөгчөөр ажиллаж байсан н.Доржжүгдэр, н.Дэлгэрдалай нарт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Эдгээр нэрс бол шалгагдаж байгаа нэрс. Хууль хяналтын байгууллагаас одоогоор бидэнд өгч болох нэрсээ өгсөн. Шалгагдаагүй ч хардагдаж буй олон хүмүүс бий.
Жишээ нь, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "жижиг" Тавантолгой ХК-ийн эзэмшигчийн хувьд шалгагдаад явж байна. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шалгагдаад явж байгаа гэсэн мэдээллийг ЦЕГ-аас бидэнд өнөөдөр ирүүлсэн. Нэр бүхий УИХ-ын гишүүн ч /А.Адъяасүрэн.сурв/ нүүрсний тээвэртэй холбоотой хэрэгт шалгагдаад явж байгаа.
Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчид бүгд шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Та бүхэн бүртгэлээс орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчид хэн бэ гэдгийг хараад олон нийтэд зөв мэдээлэл өгөх нь зөв болов уу.
Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүдийг АТГ шалгаад прокурор дээр хянагдаж байгаа. Өнөөдрийн байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд ийм ажлууд хийж байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг зарж борлуулахдаа өндөр үнээр зарахын тулд өрсөлдөөн бий болгох гэж ийм ажил хийж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.