Украинчууд ялалтаа тэмдэглэж байгаа ч "Дайн дуусаагүй!" гэж анхааруулав

Орос улс Херсон хотоос цэргээ татах шийдвэр гаргасны дараагаас Херсон болон Киев, Одесса хотуудад баярын арга хэмжээ үргэлжилж байна. Хэдийгээр өнгөрсөн баасан гаргаас хойш баяр ёслол үргэлжилсээр байгаа ч Украины эрх баригчид “дайн дуусаагүй” гэж анхааруулж байна.

Украины Батлан ​​хамгаалахын сайдын зөвлөх Юрий Сак ВВС-д “Тайвшрахад эрт байна” гэж анхааруулжээ.

"Бид Херсоныг чөлөөлнө гэдэгт үргэлж итгэдэг байсан. Оросууд энэ дайнд хэзээ ч ялж чадахгүй гэдгээ ойлгосон гэдэгт бид итгэлтэй байна. Бид оросын арми үймэн сандарч байгааг харж байна. Тэдний суртал ухуулгын машин мэгдэн сандарч байгааг харж байна. Гэхдээ дайн дуусаагүй!" гэжээ. 

Херсонд ус, эм тариа, хоол хүнс дутагдаж байгаа ч яаралтай тусламжийн цуваа ойролцоох Миколайваас ирж эхэлж байна гэж хотын даргын туслах мэдэгджээ. Дайны өмнө 320 мянган хүн амтай байсан Херсон хотод өдгөө 70-80 мянган хүн амьдарч байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленский “Эзлэгчид Херсоноос зугтахаасаа өмнө харилцаа холбоо, ус, дулаан, цахилгаан зэрэг чухал дэд бүтцийг устгасан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC.com

2022 11 09T000000Z 665655807 MT1NURPHO000X1NF6Q RTRMADP 3 PROTEST IN SUPPORT OF UKRAINE CONTINUE IN KRAKOW scaled

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.