СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-10-31

Ц.Төгсбуян: Олон улсад ажиллах мэргэжлийн гагнуурчдыг сургаж, бэлтгэхэд бэлэн боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр олон улсын стандартын шаардлага хангасан Гагнуурын сургалтын төв албан ёсоор нээгдэж байна.

Өөрөөр хэлбэл, Германы засгийн газрын санхүүжилттэй, төр, хувийн хэвшил хамтарсан төслийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нарийн мэргэжлийнхэн, тэр тусмаа хоёр орны гагнуурын салбарт  нөөц ажилчдыг бэлтгэхээр болж байгаа юм. Олон улсын гагнуурын зэрэг олгох эхний сургалт 11 дүгээр сарын нэгэнд тус төвд эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан сургалтын бэлтгэл ажлын талаар тус сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан орлогч Ц.Төгсбуянтай ярилцлаа. 

-Олон улсад гарч ажиллах нарийн мэргэжилтэй гагнуурчдыг бэлтгэх сургалт удахгүй эхэлнэ. Энэ төслийн онцлог тал юу байсан бэ? 

-Манай сургууль дээр хэрэгжиж буй “Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл” төслийн гол зорилго нь Монгол улс дотооддоо мэргэжлийн боловсролын сургалтыг хөгжүүлэх, тэр тусмаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд чиглэдэг.

Бид энэ төслийг хэрэгжүүлэхдээ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Шахтбау Нордхаузен компани, Халле хотын Гагнуурын сургалт, судалгааны төв, Монгол талаас Хасу Мегаватт компанитай хамтарч байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчид бэлтгэхийн тулд сургалтын бүх үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Тухайлбал, сургалтын хөтөлбөр, хичээлийн танхим, тоног төхөөрөмж, дадлагын орчин нөхцөл болон хичээл заах багш нар ч олон улсын сургагч багшаар бэлтгэгдсэн байх шаардлагатай. Эдгээр бүх шаардлагыг хангаж байж, олон улсад ажиллах эрхтэй ажилчид бэлтгэх, сургалт явуулах зөвшөөрөлтэй болж байна.

Бид 2019 оноос төслөө эхлүүлж, өнгөрсөн 10 дугаар сард аудитаар баталгаажуулж, гэрчилгээ авснаар сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо. Төсөл амжилттай хэрэгжиж, олон улсын түвшний сургалтын төв бий болгоход Эрдэнэт үйлдвэрээс ихээхэн дэмжлэг үзүүлсэн.

Өрөө танхимын засварт санхүүжилт хийсэн. Өмнө нь манайх 30 метр квадрат талбайтай байсан бол одоо 340 метр квадрат талбай бүхий танхимд хичээл, дадлага явуулах боломжтой боллоо. Харин хичээлийн танхимд буй тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, агааржуулалтын системийг Герман улсаас нийлүүлж, угсарч суурилуулсан байгаа. Угсралт, тохируулгын ажилд Засвар угсралтын цех, Барилга засварын цехийнхэн туслалцаа үзүүлж, ажиллалаа.

Энэ бэлтгэл ажилд хамтарч оролцсон бүх хүнд талархал илэрхийлье. 

-Материаллаг баазаас гадна сургалтын чанар, багш нарын чадвар бас чухал байх?

-Гагнуурчин бэлтгэх сургалт олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу явагдана.  Хөтөлбөрийг Германы Халле хотын Гагнуурын сургалт, судалгааны төв боловсруулж,  Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг орчуулж, Мэргэжлийн сургалтын боловсрол арга зүйн үнэлгээний төвд баталгаажуулж сургалт явуулахад бэлэн болголоо. Дараагийн нэг чухал зүйл маань мэдээж, сургагч багш нараа бэлтгэх ажил байв. Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн үе шаттай сургалтад хамруулж, таван сургагч багш бэлдсэн.

Мөн төслийн хүрээнд Герман улсад 14 хоногийн сургалтад явуулсан. Сургагч багш нар маань гагнуурын гурван төрөл буюу цахилгаан, хагас автомат, хийн гагнуурыг бүгдийг нэг дор заана. Эрдэнэт үйлдвэрийн гурван ажилтан, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хоёр багшаас бүрдсэн нийт таван багш маань олон улсын сургагчийн гэрчилгээгээ авсан. Ингэснээр хичээл заах бэлтгэл бүрэн хангасан гэсэн үг. 

-Эхний ээлжинд хэдэн элсэгч сургах вэ?

-Гагнуурын сургалт маань эхний ээлжинд тухайн суралцагчийн түвшинд тохирсон хөтөлбөрөөр явна. Анхан шатны элсэгчид харьцангуй урт хугацаагаар суралцах шаардлагатай. Төслийн эхний зорилтод туссанаар энэ онд бид нийт 40 гагнуурчин бэлтгэх ёстой. Эдгээрийн 25 нь Улаанбаатар хотод бэлтгэгдээд, мэргэжлийн гэрчилгээгээ гардаж авсан. Үлдсэн 15 нь одоо манай сургуульд эхлэх элсэлтээр бэлтгэгдэнэ.

Он дуусахад нэг сар гаруй хугацаа байгаа учраас эхний ээлжинд бид 15 элсэгчийг бүртгэнэ. Ингэхдээ гагнуурын туршлагатай хүмүүсийг шалгаруулан сорил авч, ахисан түвшинд сургаж сарын хугацаанд бэлтгэнэ. Сургалтын төлбөрийн хувьд, нэг оюутанд зарцуулж буй хэрэглэгдэхүүний зардлыг тооцож тогтоосон.

Яагаад өндөр байна вэ, гэхээр олон улсын сургалт бол энгийн сургалтыг бодвол дадлага давамгайлж, урт цагаар хичээллэдэгтэй холбоотой. Манай сургалтад суралцаж, төгсөөд мэргэжлийн гэрчилгээ авсан тохиолдолд Франц, Герман гээд Европын аль ч улсад энэ стандартыг хэрэгжүүлдэг хаана ч гагнуурчнаар ажиллах эрхтэй болох юм. Суралцагчдыг төгсөх үеэр Германаас мэргэжлийн багш нар ирж, арга зүйн зөвлөгөө давхар өгч, шалгалт авна.

Тэнцсэн тохиолдолд шууд олон улсын гагнуурчны мэргэжлийн үнэмлэхийг гардуулж өгнө. 

-Өндөр зэрэглэлийн мэргэжил эзэмшиж, гаднын оронд гарч ажиллах сонирхолтой хөдөлмөрийн насныхан олон бий. Сургалтад элсэх хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ?

-2023 оноос бид гагнуурчдыг анхан шатнаас нь сургаж, бэлтгэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаана ч ажиллах эрхтэй гагнуурчин болох хүсэлтэй бүх хүнд нээлттэй элсэлт зохион байгуулна. Тиймээс суралцахыг хүссэн хүмүүс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албанд хандаж болно. Нөгөө талаас, олон улсын эрхтэй гагнуурчны мэргэжил эзэмших нь их ирээдүйтэй гэдгийг онцолж хэлмээр байна.

Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Эрдэнэт хотод үйлдвэрлэл, технологийн парк, нефтийн үйлдвэр зэрэг хүнд үйлдвэрүүд баригдаж байгаа. Үүнийг дагаад нарийн мэргэжлийн ажлын байр бий болно. Мэдээж, энэ үйлдвэрүүдийг босгох хүмүүс нь мэргэжилтэй ажилчид.

Хамгийн эхний ээлжид барилга барих, төмөр хоолойг нь холбох зэрэг ажилд  гагнуурчид чухал хэрэгцээтэй болно. Ер нь хий дамжуулах том хоолойнууд, өндөр эрсдэлтэй ажлуудыг гүйцэтгэж буй компаниуд ажиллах хүч авахдаа нарийн мэргэжилтэй байх шаардлага тавьдаг. Нэг үгээр хэлбэл, энэ ажилд зөвхөн олон улсын мэргэжлийн үнэмлэхтэй хүн хийнэ гэдэг ч юм уу.

Тийм учраас тэдгээр ажлын байранд ажиллах гагнуурчдыг бид эртнээс бэлтгэж, чадварлаг хүний нөөцөөр хангах сургалтаа эхлүүлж байна. Дахин хэлэхэд, дэлхийн хаана ч, аль ч томоохон компанид ажиллаж чадах мэргэжлийн гагнуурчид манайд бэлтгэгдэж гарна гэдэгт итгэлтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.