СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Хятадын Консулын газрын ажилтнууд Хонконгийн жагсагчийн биед халджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Их Британийн Манчестер дэх БНХАУ-ын Ерөнхий консулын газрын гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан Хонконгийн тусгаар тогтнолыг дэмжигч тэмцэгчдийн нэгийнх нь биед консулын газрын ажилтнууд халджээ.

Бээжинд Хятадын Коммунист намын XX их хурал эхэлсэнтэй холбогдуулан өнгөрөгч ням гарагт өрнөсөн энэхүү жижиг жагсаалын үеэр консулын газраас гарж ирсэн хүмүүс Боб гэх эрэгтэйг үснээс нь зулгааж консулын хашаанд оруулаад, цохиж, өшиглөн, гэмтээсэн байна. Хонконгоос гаралтай Боб болсон явдлын талаар "Тэд ийм зүйл хийх эрхгүй. Бид Их Британид хүссэн зүйлээ хэлэх эрх чөлөөтэй байх ёстой" гэж "ВВС" агентлагт ярьжээ.

Хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр, консулын газраас гарч ирсэн нэгэн эрэгтэй тэмцэгчдийн уриа лоозон, зурагт хуудсыг буулган, урж хаясан бөгөөд удалгүй хэсэг бүлэг хүн жагсагчийн биед халдаж эхлэхэд цагдаа нар болон бусад тэмцэгч түүнийг аварсан аж.

Энэхүү явдлын дараа байна. Гадаад руу дүрвэсэн Хонконгийн улстөрч Натан Лоу Их Британийн Засгийн газраас тус консулын газрын ажилтнуудад хатуу хариуцлага тооцохыг уриалаад, энэхүү халдлага нь Хятадын дарангуйллаас зугтаж, Их Британи руу дүрвэсэн хонконг иргэдийн хувьд аймшигтай үр дагавартай болохыг онцолсон юм.

Харин тус улсын Консерватив намын дарга асан Иан Дункан Смит Дотоод хэргийн сайд Суэлла Браверманыг "энэ асуудлыг яаралтай авч үзэхийг" хүсээд, "Их Британийн Засгийн газар БНХАУ-аас Их Британид суугаа Элчин сайдаас уучлалт гуйхыг шаардаж, буруутай этгээдүүдийг Хятад руу буцаах ёстой" гэжээ.

Тэгвэл Манчестер дэх БНХАУ-ын Ерөнхий консулын газрын хэвлэлийн төлөөлөгч "Жагсагчид Хятадын Ерөнхийлөгчийн доромжилсон хөргийг төв хаалганы өмнө өлгөсөн. Энэ бол аль ч улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын хувьд тэвчихийн аргагүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл" хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.