яысыбөя

Нийслэлийн "Өргөө" амаржих газар өнгөрсөн оны ес, аравдугаар сард Ковидын халдвартай жирэмсэн эхчүүдийг эмчлэх тасагт Эрүүл мэндийн сайдын тушаалыг зөрчиж олон тооны жирэмсэн эхэд хэрэглэх заалтгүй вирусын эсрэг эм болох ФАВИПИРАВИР гэх эмийг хэрэглэсэн ноцтой зөрчил гаргажээ.

Уг эм нь Ковидтой эхчүүдэд хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, жирэмсэн эхчүүдэд хэрэглэх ЭМС-ын тушаал, зөвшөөрөлгүй байхад тус амаржих газрын захирал Ж.Энхцэцэг мэдсээр байж эм ханган нийлүүлэх байгууллагаас дур мэдэн шууд худалдан авалт хийж байжээ. Үүгээр ч барахгүй хэвтэн эмчлүүлж буй эхчүүдэд өдөрт 16 ширхэгээр уулгаж байсан ноцтой хэрэг өдүүлжээ. 

ФАВИПИРАВИР гэх эмийг 200мг-аар уулгасан бөгөөд вирусын эсрэг энэхүү эмийг жирэмсэн үед хэрэглэвэл үр хөврөл эндэх, эсвэл ургийн гаж хөгжил үүсгэх боломжтой нь туршилтаар тогтоогдсон ажээ. Иймд жирэмсэн эхчүүдэд хэрэглэхийг хатуу хориглодог. 

Гэтэл тухайн үед "Өргөө" амаржих газарт  хэвтэн эмчлүүлж байсан нийт эхчүүдэд өглөө 8 ширхэг, орой мөн 8 ширхэгийг нэг дор уулгажээ. 

Нэг эмийг хэт олноор уух нь зөв эсэх талаар нэгэн ээж интернэтээс хайлт хийж үзэхэд ФАВИПИРАВИР эм нь ургийн гаж хөгжил үүсгэдэг болохыг мэдэж асуудал дэгдээсэн байна. Ингээд тус тасагт хэвтэж байсан хэд хэдэн ээж нийлж "Өргөө" амаржих газрын удирдлагуудыг шалгуулахаар ЭМЯ болон цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. 

Энэ талаар тус тасагт ажиллаж байсан эмч Ц дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр: 

-Ээжүүд өргөдөл гомдол гаргаж, уг эмийг уухгүй гэж эсэргүүцсэний дараа Ж.Энхцэцэг захирал уулзсан. Хүн тус бүртэй нэг бүрчлэн уулзаж, ярилцсан гэсэн. Ингэхдээ төрөх хүртэл чинь бид таныг хянаж, анхаарал тавина. Хамгийн дээд зэргээр харж анхаарч төрүүлнэ. Үр удмаа төрүүлэх гэж байж хэл ам хийж болохгүй. Тэгээд ч энэ эмийг хэрэглэж болно. Ковидын үед хэрэглэх эмийг өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр судалж тогтоож амжаагүй байна. Ямар нэг асуудал гарвал манай төрөх газар арыг нь даана гэх мэтээр аргадаж, аргалж дуугай болгосон гэсэн. Энэ мэдээллийг надад өргөдөл өгсөн ээжүүдийн нэг хэлсэн. Тэр ээжүүд хэдийгээр өргөдлөө цааш цагдаа болон яаманд явуулсан ч өнөөдөр ямар нэг хариу дүгнэлт гараагүй, энэ хэрэг хав дарагдсан. Тухайн үед янз бүрийн сартай жирэмсэн эхчүүд Ковидын тасагт хэвтэж байсан. Одоо ихэнх нь төрчихсөн байх ёстой. Ургийн талаар ямар нэг асуудал илэрсэн эсэхийг тэр ээжүүдтэй холбогдож тодруулах хэрэгтэй байх гэсэн юм. 

ФАВИПИРАВИР эмийн хэрэглээний талаарх мэдээллийг судлахад, Нахиа эмийн сангийн тайлбар дээр "Уг эмийг жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд, жирэмслүүлэхээр төлөвлөж байгаа эрэгтэйчүүд ч ууж хэрэглэж болохгүй" гэсэн байгааг дараах мэдээллээс харна уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.