"Өргөө" амаржих газрын удирдлагын баг цагдаа, тагнуулынхнаар "дүүрчээ"

“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн хууль бус үйлдлийн талаар Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос /2022.10.13/ мэдээлэл хийсэн. 

Уг мэдээллийн үеэр МҮЭХ-ны Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга:

-Байгууллагын захиргаа тухайлбал, төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй хүнийг томилж, мэргэшээгүй хүнийг өөрт нь зориулж тохируулан томилсон байна.

Тодруулбал, дотоод аудитыг цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнийг томилсон, тэр хүн нь эмч эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл байдлыг хангахгүй, дарамт хүчирхийллийг байгууллага дээр бий болгосон хэмээн ярьсан билээ.

Уг асуудлыг тодруулах үүднээс "Өргөө" амаржих газрын эмч ажилтнуудад хандлаа. Эмч Б: 

-Манай амаржих газрын захирлаар 2021 оны 02 дугаар сард Ж.Энхцэцэг ирснээс хойш 487 ажилтнаас 162 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөн. Үүний дотор ажлын ачаалал даахгүй ажлаас гарсан, халагдсан, өөрөөр нь өргөдлийг нь хүчилж өгүүлсэн зэргийн 50 гаруй нь цэвэр ажлын байрын тэвчишгүй дарамтын улмаас ажлаас гарсан юм. 

Байгууллагын хүний нөөцийн хөдөлгөөн байгууллагын тусламж үйлчилгээ алдагдуулахуйц хэмжээнд ихэссэн

Байгууллагын бодлого төлөвлөлт энэ нэг жилийн хугацаанд дөрвөн хүнээр солигдон одоо хууль хүчний байгууллагын эмэгтэй сууж байна. ЭМЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын дотоод хяналт үнэлгээний дүгнэлтийн дагуу тухайн ажлын байранд энэ хүнийг "Тэнцэхгүй" гэж тодорхойлсон боловч тэрийг хүртэл үл ойшоон үзэж байна.

Тэр ч битгий хэл манай байгууллагын хуулийн зөвлөхөөр н.Гарамханд гэж хүн ажилладаг. Тэр хүн Дорноговь аймгийн цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэсэн. Эмч нар хуулийн зөвлөлгөө авъя гээд орохоор "Чи хууль зөрчсөн л байна шдээ. Ийм тохиолдолд тэдэн жилийн ял авдаг, ийм арга хэмжээ авахуулдаг, хохь чинь, өөрөө аргал" гэх мэтээр элдэв үгээр доромжилдог. Хуулийн зөвлөх хүн эмч мэргэжилтнүүдэд хуулийн зөвлөлгөө өгч, болзошгүй алдаа гаргахаас сэргийлдэг болохоос ингэж дарамтлах ёсгүй. 

Эмнэлгийн захиргаа удирдлагын газарт Ж.Энхцэцэг захирлыг ажлаа авснаас хойш зургаан хүн солигдсон санагдаж байна. Тэдний оронд таван хүн авсан нь дандаа цагдаа, шүүхийн байгууллагад ажиллаж байсан, чекист хүмүүс бий. Тэдний нэг нь дээр дурдсан н.Гарамханд. 

Мөн сая цахим орчинд бичлэг нь тавигдаж, "Би зуусан хүнээ тавьдаггүй хүн" гэх мэтээр ажилчдаа дарамталж буй байгууллагын төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал П.Эрдэнэцэцэг, Дотоод хяналтын албаны дарга С.Гантулга нар дандаа цагдаа, тагнуулд ажиллаж байгаад орж ирсэн хүмүүс. 

Дотоод хяналтын албаны дарга С.Гантулга өөрийн албаны ажилтан Ц.Мөнхцэцэгтээ үүрэг өгч, ээжүүдээс судалгаа авхуулдаг. Зуусан эмчээ уг судалгаанд үндэслэн гомдол болгон хувиргаж үндэслэлгүйгээр ажлаас нь хөөж явуулдаг муу заль, арга барилтай. 

Манай эмнэлэг одоо цэргийн статустай шахуу болсон. Өмнө нь бид эмнэлгийн дарга дээрээ гүйж ороод ажлаа ярилцдаг чөлөөтэй байсан бол одоо захирлын өрөө бидэнд хаалттай болсон. Туслах гаднаа түгжээтэй хаалгатай, зөвхөн кодоор онгойно. Ороод дотор нь байх захирлын өрөө мөн л кодоор онгойно. Шууд уулзана гэсэн ойлголт байхгүй. "Захиралтай уулзъя" гээд яваад орсон ажилтныг "Хуулийн зөвлөхтэй уулз, тасгийнхаа даргатай уулз, битгий захирлын тав тухыг алдагдуулаад бай" л гэдэг болсон. 

Ер нь Ж.Энхцэцэг захирал ажлаа авснаас хойш маш олон хүнийг шахаж ажлаас нь гаргасан. Нарийн мэргэжлийн эмч нар дутагдаж, үүнээсээ болж эх, нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ алдагдаж эхлээд байхад ч арга хэмжээ авахгүй байна. ЭМЯ-аас шалгалт хийхэд "Боловсон хүчний дутагдал гараагүй" хэмээн худал ярьж резидент эмч нар болон мэргэжил дээшлүүлж байгаа оюутан гээд 41 хүнийг жагсаалтад оруулж нүд хуурсан. Энэ нь илэрсэн. Одоо яг эх нярайд эмнэлгийн тусламж үзүүлдэг нарийн мэргэжлийн эмч нарын дутагдалд ороод эхлэнгүүт өндөр насны тэтгэвэртээ суусан эмч нараас дуудан ажиллуулж байна. Энэ янзаараа хэдэн сар, жил аргалах гэсэн юм бэ. Хүнийг дарамтлаад ажлаас нь гаргасан юм бол орных нь хүнийг авч эх хүүхдийг энх тунх амаржуулах ёстой биз дээ. 

Дадлага туршлагагүй эмч нарыг ойр ойрхон жижүүрт шахан гаргаж ажиллуулдаг. Үүнээс нь болж хүн л болсон хойно алдаа дутагдал гаргахад энүүхэнд байна гэдгийг огт ойлгохгүй байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.