СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: ХЗБХ: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

–Төлбөртэйгөөр мэдээлэл худалдаж авах журам байдаг бил үү? Түүний хэрэгжилт ямар түвшинд байна вэ? Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагаврыг хэрхэн тооцож вэ? Өс хонзонгийн шинжтэй мэдээлэл маш их өгнө. Тэр бүгдийг шалгаад явах боломж байгаа гэж харж байгаа юм уу? Нийт өгч буй мэдээллийн хэдэн хувь нь гэмт хэргийн мэдээлэл байдаг талаарх нарийн мэдээлэл байна уу? Намын бүлэг дээр ярьж асуудлаа оруулахгүй юм уу? Тохирсон бол энэ чигээрээ явна байх. Хоёр хөршийн дунд цөөхүүлээ байдаг бидний хувьд энэ хууль дээр их болгоомжтой хандах шаардлагатай. Бүр эсрэгээр нь ашиглаад өс хонзонгийн сэдлээр явуулах ч зүйл бий.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Мэдээлэгчээс мэдээлэл худалдаж авах тухай зургаан хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэн. Мэдээллийг худалдаж авах асуудал нь Цагдаагийн албаны тухай хуульд зааснаас бусад нь үр дүнгүй байгаа. Шүгэл үлээгчийг өргөн хүрээнд авч үздэг орнууд байдаг. Энэ хуулийн 20 дугаар зүйлд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, өөрт давуу тал олгосон, нэр төрд халдвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн: 

-Энэ оны энхий есөн сарын байдлаар нийт 2034 гомдол хүлээн авсан. Үүнээс 1173 нь гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол эзэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

–Шантаажны байдлаар шүгэл үлээдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Би байнга шүгэл үлээдэг. Мөнгө олох зорилгоор шүгэл үлээдэггүй. Хоёр асуулт байна.

Төмөр замын хэрэг, хэдэн их наядыг идэж уусан хэрэг нууцад байгаа. Нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй гэж бичсэн байна. Уул нь тэр хулгайг л илрүүлэх ёстой. Тиймээс ямар учиртай орж ирэв. Хоёрдугаарт, миний гарт Сангийн яамны уг хуулийн төсөлд өгсөн байр суурь байгаа. Тухайлбал, “Хуулийн төслийн 3.1.1 дэх хэсэгт шударгаар татвар төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийг дэмжих” гэсэн заалтыг хасах талаар санал Сангийн яам өгсөн байна. Энэ нь татварын талаарх мэдээлэл, тухайлбал “Оюутолгой”, “Петрочайна”-д хэдэн тэрбумын татвар тавигддаг. Татварын байцаагчид акт тавих замаар барьцаа ахиулдаг, прокурорын оролцоогүйгээр өөрсдөө акт тавих үгүйгээ шийддэг, үүнийг би татварын мафи гэж нэрлэдэг. Уг нь Хууль зүйн сайд төсөлдөө бичсэн юм байна. Гэтэл Сангийн яам татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй” гэдэг санал өгчээ. Ямар учиртай санал вэ гэдгийг тодруулмаар байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хууль тогтоомжийн хуулиар Засгийн газрын ямар нэг яам хууль санаачилсан тохиолдолд бусад яамдаас санал авах ёстой байдаг. Сангийн яамнаас хасах гэдэг сануул оруулж ирсэн. Засгийн газраар хэлэлцүүлэхээр уг саналыг бид хассан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилт чиглэж буй. Шүгэл үлээгчийг нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсний төлөө урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.