?LIVE: Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр тогтоолгосон хэр нь давхар цалин авч байгаа төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлнө
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийн төслийг дагаж 102 хуулийн төсөл орж ирсэн. Улсын төсөвтэй холбоотой 18 хууль бий. Төрийн хяналт шалгалт, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хуультай холбогдуулж 82 хуулийн төсөл орж ирж байна. Уг хуулийн төслийг намын бүлэг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газар мэргэжлийн хяналтын хяналт тохирохгүй байна гэж үзсэн. Тиймээс хяналтыг салбар салбарт нь өгч байгаа. Засгийн газарт ерөнхий хяналтын чиг үүрэг гүйцэтгэх ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт байлгах хууль орж ирсэн. Өөрөөр хэлбэл сайд нар салбаруудад хөндлөнгийн хяналт тавих, иргэдийн гомдлыг шийдвэрлэх агентлагийг Засгийн газарт байгуулж ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс хяналтын тогтолцоог өөрчлөх хуулийн төсөл юм.
Харин ипотекийн зээлийн эргэн төлөлтийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар 2023 оны төсөвтэй холбоотой ажлын хэсэг гарч байгаа. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлах юм.
Ипотекийн зээлийг өмнө нь Монголбанк хэрэгжүүлж байсан. Энэ оноос эхэлж Засгийн газарт өгч байгаа. Зээлийн эргэн төлөлт хэсэг хугацаанд хойшилж байсан. Үүнтэй холбоотойгоор он гараад иргэнд очих ачаалал тодорхой хэмжээнд нэмэгдэх юм байна. Ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулах эсэхийг ажлын хэсэг судална.
-Төрийн албаны тухай хуульд дараах хоёр өөрчлөлтийг оруулсан. Орон нутгийн төсвийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх төсвийг улсын төсөвт суулгасан. Харин 20-иос бусад хувиар орон нутгийн төсвийн боломжоор цалинг нэмэгдүүлж болох аж.
-55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэр тогтоолгосон хэр нь давхар цалин авч байгаа тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулийн төсөлд заажээ.
-Инфляц үнийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар ажлын хэсгийг энэ долоо хоногт багтаан байгуулж, ажиллаж эхэлнэ. Мах, гурил, шатахуунтай холбоотой асуудлаар үнийн зохицуулалт хийж, төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргах аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.